Орлого, зарлагаа тэнцвэржүүлж чадвал хүүхдийн мөнгө том ачаа болохгүй
2016-01-13

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Өмнөх жилүүдээ бодоход 2016 оны төсвийг их зөөлөн, уян хатан баталсан. Гэтэл мөнгөний бодлого эргээд хатуу байдал руугаа орж магадгүй гэх таамаглал, болгоомжлолыг эдийн засагчид хэлж байна. Харин та үүнд ямар байр суурьтай байна вэ?


-Зарлагыг ихэсгэх байдлаар яваад байвал мөнгөний бодлогоо улам хатууруулах шаардлага гарна. Гэхдээ өнөөгийн Засгийн газар ийм байдалд оруулахгүй байх бүхий л аргыг хайж байна. Учир нь, Засгийн газраас алдаагаа засч, хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Ингэхийн тулд ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.
Энэхүү мөнгийг төсөвт нэмэх асуудлыг тавих аваас хүссэн, хүсээгүй зардлаа хасах хэрэгтэй болно. Хэрэв хасахгүй гэвэл ямар нэгэн аргаар нэмэгдэл эх үүсвэрийг олох шаардлагатай. Гэхдээ энэ бүхнийг төсвийнхөө хуулиар сайн зохицуулж, орлого болон зарлагаа тэнцвэржүүлж чадах юм бол дээрх мөнгө нэг их том ачаа болохгүй.

 

-Нөгөөтэйгүүр Засгийн газар төсвийн зардлаасаа хасахгүй, орлого ч нэмж олохгүй бол яах вэ? 

-Тэгвэл мөнгөний бодлогод хүчтэй нөлөө үзүүлэх байдал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, тэд мөнгө хэвлэх хүүхдийн мөнгийг тарааж болзошгүй. Жишээлбэл, өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцлээ. Энэ мөнгийг олгох нь зөв гэдэгт санал нэгдсэн. Оны өмнө Ч.Сайханбилэгийн толгойлсон шийдлийн Засгийн газраас төсөв хүндэрлээ, ирэх ондоо хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлгэд чиглэж олгох шийдвэрийг гаргасан гэдгийг бүгд мэдэж байгаа. 



-Гэхдээ эл шийдвэрийг буруу байсан гэдгийг бүгд л харлаа, хүлээн зөвшөөрлөө шүү дээ? 

-Тийм ээ. Хүүхдийн мөнгө ол халамжийн олон хуулиар зохицуулдаг зүйл биш юм. Энэ бол Монгол Улсын хүн амыг нэмэх гэсэн төрийн бодлого. Үүнээс гадна Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүдэд анхаарал тавьж, эрүүл саруул өсөхөд нь төрөөс туслаж байгаа явдал юм. Түүнчлэн хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, хуримтлал бий болгох нэг төрлийн бодлого ч гэж хэлж болно. Харамсалтай нь, манай хэвлэл мэдээллийнхэн “Халамж хавтгайрлаа” гэж их ярьж, бичих болсон. Дээр нь эрдэмтэн, судлаачид ч маш буруу ойлголтыг нийгэмд тараасан шүү дээ. Шуудхан хэлэхэд, өнөөгийн Засгийн газар болон УИХ-ыг “Хавтгайрсан халамжтай” гэж их шүүмжилсэн. Ингэж шүүмжилж, өдөр шөнөгүй ярьж, бичиж байгаад л хүүхдийн мөнгийг хасуулсан биз дээ. 



-Өршөөгөөрэй, тухайн үед хүүхдийн мөнгийг ялгаварлан олгх шийдвэр гаргасан нь Засгийн газрын бус хэвлэл мэдээллийнхэний буруу болж таарах нь уу? 

-Бодлогоо зөв ойлгоогүйгээс, ойлголтой нэгтгээгүйгээс л ийм асуудал гарсан. Энэ ч утгаараа эргээд төсөвт хүүхдийн мөнгийг суутгах ёстой гэж үзсэн юм. Тэгээд ч хүүхдийн мөнгийг халамжаас бус Хүний хөгжил сангаас олгодог. Өөрөөр хэлбэл, халамжийн тэр олон хууль чинь тэс өөр ойлголт юм. Тэгж ярихын бол гадныхан Монгол Улсын халамжийн тогтолцоог хамгийн сайн гэж үздэг. 



-Ингэхэд та оны өмнөхөн батласан Сонгуулийн тухай хуулийг хэр сайн болсон гэж бодож байна. Зарим хүн жижиг намуудыг хавчсан, өнөөгийн УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж гаргасан хууль мэтээр ярих юм. Үнэхээр тийм хуулийг батласан юм уу? 

-Одоогийн Сонгуулийн тухай хуульд нэг их логик өөрчлөлт ороогүй. Гэхдээ жижиг намуудын эрх ашгийг хөндсөн ганц, хоёр заалт байгааг үгүйсгэхгүй. 



-Жишээлбэл? 

-Хэрэв та 48-аас нэг ч суудал авч чадахгүй бол таван хувийн босгыг давсан ч суудал өгөхгүй гэх утгатай заалт орсон. Энэ бол шинэ заалт л даа. Би хувьдаа үүнийг жаахан хуудуутай заалт болчихлоо гэж харж байгаа. Зарим хүн үүнд л их эмзэглээд байх шиг байна лээ. Бусдаар бол жижиг намуудыг хавчиж, хазаарлаагүй. Нөгөөтэйгүүр сонгуулийн жил болохоор л жижиг намууд иймэрхүү зүйлийг хэлж, ярьж л байдаг шүү дээ.



-Гэхдээ энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд сонгуулийн сурталчилгааны хугацаа маш богино, өөрсдийгөө олон нийтэд таниулах боломжгүй гэдэг зүйлийг хэлж байна? 

-Уг зарчим нь бол ямар ч нам шинэ боловсон хүчнээ олон нийтэд таниулсан байх шаардлагатай. Таниулах нь намуудын үүрэг. Харин бие даагч гишүүдийн хувьд өрсөлдөхөөс өөр сонголтгүй. Үнэнийг хэлэхэд, хүн танихгүй бол танихгүй шүү дээ. Танихгүй хүнийг иргэд сонгохгүй нт ойлгомжтой. Сурталчилгааны хугацаа өмнө нь 45 хоног байлаа. Дараа нь 30-35, сүүлд 21 хоног болсон. Одоо 18 хоног дээр тогтох шиг боллоо. Тухайн үед бид 14 хоногт бүх зүйл багтахгүй байх гэж тооцож байсан болохоор 18 болгосон.



-Таны хэлж байгаагаар бол сонгуулийн сурталчил­гааны хоног хангалттай хугацаа гэсэн үг үү? 

-Үнэнийг хэлэхэд, өмнө нь тодорхой хэмжээнд олонд өөрийгөө таниулсан нөхөр гарч ирэх нь зөв юм. Зүгээр нь гудамжинд явж байсан нөхөр “Би өөрийгөө олонд таниулна. Наад хуулийн чинь хугацаа богино байна” гээд байвал утгаа алдана биз дээ. 
Тэгээд ч хэн нэгний санаанд таарсан хугацааг нь ч өгөх боломжгүй. Сонгуулийн сурталчилгааны хугацааг богино болгосноор тодорхой хэмжээнд өөрийгөө нийтэд таниулсан хүн парламентад гарч ирэх боломжтой юм. Нөгөөтэйгүүр ард түмний улстөржих тэр хугацааг уртасгах, цаашлаад сонгууль удаашрах магадлалтай гэж үзсэн. Тиймдээ ч хугацааг уртасгах боломжгүй. Гэхдээ хуульд буруу гэж байдаггүй юм. Хэн хуулийг зөв хэрэглэж, боловсон хүчнээ онож дэвшүүлсэн нь хүссэн, хүсээгүй саналаа авна. Түүнээс хүн болгонд нийцүүлж хууль гаргах ямар ч боломжгүй.



-Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн даваа гарагт 48 мандатын 21-ийг нь нийслэлд хувааралж өгөхийг хүссэн хүсэлтээ УИХ-ын дарга болон Сонгуулийн ерөнхий хороонд уламжилсан байдаг. Нийслэлийн мандатыг огцом нэмэх нь хэр зөв юм бэ? 

-Сүүлийн жилд нийслэлд хүн амын шилжилт, хөдөлгөөн их хийгдсэн. Гэхдээ үүнийг далимдуулж тойрог, мандат нэмж авах нь нэг их зохистой зүйл биш гэж бодож байна.

 

-Яагаад? 

-Сонгуулийн тойрог байгуулах асуудал бол зөвхөн хүн амын тоог харгалзахаас гадна нийгэм, эдийн засгийнх нь байдал болон нутаг дэвсгэрийг нь авч үздэг. Гэтэл Улаанбаатар хотод шилжиж ирсэн иргэд олширсон ч, нэг ч километр газрыг хотод шилжүүлээгүй. Ийм тохиолдолд мандатын тоог нэмэх нь зохимжгүй зүйл юм. Яах вэ, УИХ-ын гишүүдийн тоог Үндсэн хуулиараа нэмсэн тохиолдолд бол болох асуудал л даа. Нөгөөтэйгүүр УИХ-аас сонгуулийн тойргуудыг тогтоолоор тусгайлан баталдаг. Сонгуулийн ерөнхий хороо бол саналаа тавих байх. Гэхдээ хуучин зарчмаа хадгалах нь зөв. Тэгэхгүй бол хоосон маргаан болно гэж үзэж байна. 



-Саяхан АН-ынхан бүлгийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Хариуцлагын тухай хуулийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг сонссон олон хүн тэднийг хариуцлагаас зугтаж байна гэж хардаж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? 

-Одоогоор энэ тал дээр манай намын бүлэг санал солилцоогүй байна. Ер нь Монгол Улсад хариуцлагын тогтолцоогоо сайжруулах, хариуцлагагүй байдлаас болж улс орны хэмжээнд ажил суларч байгаа гэдэгтэй бол санал нэг байна. Хамгийн гол нь хуулиа зөв боловсруулах хэрэгтэй. Гэхдээ хариуцлага гэдэг нь хэн нэгэнд зэмлэл, ял тулгахыг хэлдэггүй. Хариуцлага гэдэг бол тухайн хүнийг өөрийг нь ойлгуулж, чадваржуулах л явдал юм. Манайхан бол эсрэгээрээ ойлгодог. Өөрөөр хэлбэл, хариуцлагыг хэн нэгэнд тулгаж, арга хэмжээ авах мэтээр ойлгоод байна. Энэ бол буруу зүйл.



Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хоцрогдсон зөнөсөн коммунист залуу авгайгаа хараад гэртээ суудаг ч болоосой
2016-01-13
irgen:
Bertegchin songogchdod taalagdah gej ene hugshin avilgach mun uran dongodoj baina daa. Tarhinii turaald orson bertegchin zalhuu songogchid, tednii dundaas songogdson terguunii ulger jishee avilgachid Mongol ulsiig muhliinh ni zam ruu duu duugaa avaltsan hutulj baina daa.
2016-01-13