Истанбулд амиа золиослогч халдлага үйлджээ
2016-01-13

Туркийн Истанбул хотын Султанахмет талбайд өчигдөр 10.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлтээр 10 хүн амиа алдаж, 15 хүн шархтсан тухай тус улсын “Доген” агентлаг мэдээлэв.

 

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган төв талбайд болсон халдлагыг амиа золиослогч этгээд үйлдсэн хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр “Сириэс ирсэн амиа золиослогч этгээд энэхүү халдлагыг үйлдсэн. Буруутан заавал баригдаж, хариуцлагаа хүлээх болно” гэж хэлсэн байна.

 

Тус улсын эрх баригчид Султанахмет талбайд болсон халдлагатай Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл холбоотой хэмээн таамаглаж буй юм. Одоогоор тус бүлэглэл Истанбулын халдлагыг захиалсан болохоо мэдэгдээгүй байна.  

 

Туркийн тусгай хүчин халдлага болсон бүс нутгийг хамгаалалтадаа авч, хөл хорио тогтоосон талаар “CNN” агентлаг уламжлав. Өнгөрсөн оны аравдугаар сард нийслэл Анкара хотын Улус дүүрэгт дараалласан халдлага болж, 97 хүн амиа алдаж, 500 гаруй шархтсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин