Истанбулын халдлагад Герман иргэд өртжээ
2016-01-13

Турк улсад болсон дэлбэрэлттэй холбоотой мэдээлэл Британийн “www.dailymail.co.uk” сайтад нийтлэгджээ.

 

 

Туркийн Истанбул хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг Султанахмет талбайд өчигдөр орон нутгийн цагаар 10.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлтээс хагас цагийн дараа амиа алдагсдын тоог тус улсын эрх баригчид нийтэд танилцуулсан юм. Дэлбэрэлтийн улмаас 10 хүн амиа алдаж, 15 хүн гэмтжээ. Шархадсан хүмүүсийг “Хасеки” эмнэлэгт хүргэсэн байна.

 

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнөөдөр Султанахмет талбайд болсон дэлбэрэлтийг “Зүгээр нэг дэлбэрэлт бус террорист халдлага” хэмээн мэдэгдэв. Гэрч болон хяналтын камерийн тусламжтай талбайд амиа золиослогч этгээд өөрийгөө золиослосон болохыг тогтоосон байна. Эрдоган амиа золиослогч этгээдийг Сири улсын иргэн хэмээн мэдэгдээд “Туркийн газар нутагт халдлага үйлдэх захиалга өгсөн хүмүүс хариуцлагаа хүлээх болно” гэсэн билээ.

 

Цагдаагийнхан амиа золиослогч этгээдийг ДНК-ийн тусламжтай хэн болохыг нь тогтоожээ. “Амиа золиослогч этгээд Саудын Араб улсад төрж, Сирийн иргэншилтэй болсон. Нэрийг нь Набил Падли гэдэг. 1988 оны нэгдүгээр сарын 4-нд айлын отгон хүү болж мэндэлсэн. 28 настай” хэмээн Ерөнхий сайдын орлогч Нуман Кутрулмусын мэдэгджээ. Түүнийг хэт даврагч, террорист бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж буй юм. Нэгэн гэрчийн ярьснаар “Падли талбайн голд ирснийхээ дараа тэсрэх бөмбөг зүүж, өөрийгөө золиослосон. Халдлагын үеэр хөл хөдөлгөөн бага байсан” гэсэн байна.

 

Халдлагаар амиа алдсан хүмүүсийг жуулчид хэмээн Ерөнхий сайд Ахмед Давутоглу мэдэгджээ. Халдлагаар Германы 9, Перугийн нэг иргэн амиа алдсан байна. Давутоглу өнөө өглөө Германы Канцлер Ангила Меркелтэй утсаар ярьж, эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр захиалагчийг заавал барьж, шийтгэхээ Канцлертэй ярилцах үедээ мэдэгдсэн аж. Канцлер, сайдтай утсаар ярьсныхаа дараа төв телевизээрээ дамжуулан амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Германы Засгийн газрын твиттер хуудаст “Истанбул хотноо террорист халдлага боллоо” гэх жиргээ нийтлэгджээ. Орон нутгийн хэвлэлүүд ““Хасеки” эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал тааруухан байгаа. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй. Эмч, сувилагчид бүхий л хүчээ дайчилж байна” гэж мэдээлэв.

 

Германы иргэн Коралина “Маш хүчтэй чимээ гэнэт сонсогдсон. Хэсэг хугацааны дараа надад ямар нэг зүйл шатсан мэт үнэр үнэртсэн. Дэлбэрэлтээс холгүй миний охин байсан юм. Хүчтэй дэлбэрэлт болсны дараа би охин руугаа гүйсэн. Азаар тэр минь эсэн мэнд байгаа. Би их айсан. Бид талбайгаас холгүй нэгэн барилгад хагас цаг орчим нуугдаж, цагдаагийнхан ирсний дараа барилгаас гарсан” гэсэн бол Ердем Когоглу гэх залуу “Дэлбэрэлтийн үеэр би их хурдтай гүйсэн. Санамсаргүй эргэж хартал олон хүн газар хэвтэж байсан. Тэднийг амьд эсвэл амиа алдсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна” хэмээн “NTV” телевизэд ярьжээ.  Тус телевизэд өөр нэг гэрч “Дэлбэрэлт маш хүчтэй байсан. Би хүмүүсийг гүйж байхыг харсан” гэж ярьжээ.

 

“Доген” агентлаг “Шархдагсдын дунд Герман, Норвеги, Перу, Өмнөд Солонгосын жуулчид бий” гэж мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын Элчин сайдын яам “Дэлбэрэлтийн үеэр манай улсын иргэн хуруугаа гэмтээсэн” гэж мэдэгджээ.  Харин Норвегийн иргэний өвдөг хүндээр гэмтсэн байна. Түүний өвдгөнд шилний хэлтэрхий орсон гэнэ. Тэрбээр Норвегийн “TV2” телевизэд “Гэнэт хүчтэй дэлбэрэлт болж буй дуу сонсогдсон. Би зугтаах үедээ хагарсан шилний хэлтэрхий дээр унасан. Аюулгүй газар очсныхоо дараа л өвдгөө гэмтсэн гэдгийг мэдсэн” гэж ярьжээ. Хохирогчийн эхнэр “Миний нөхөр өвдгөө эмчлүүлж байгаа. Тэр минь дахин алхаж чадах эсэхийг мэдэхгүй байна. Би залбирч байна” гэжээ.

 

 

Дэлбэрэлт болсон Султанахмет талбайг тусгай хүчин хамгаалж, хөл хорио тогтоосноос гадна жуулчдын аюулгүй байдлыг хангаж байна. Ослын газар зөвхөн шинжээчид болон албаны хүмүүс нэвтэрч буйг “Доген” агентлаг онцлов. Туркийн эрх баригчид халдлагын захиалагчийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл хэмээн буруутгаж буй юм. Халдлагаас хойш 24 цаг өнгөрсөн хэдий ч тус бүлэглэл Инстанбулын халдлагыг захиалсан болохоо зарлаагүй байна.

 

Турк улсад өнгөрсөн онд хэд хэдэн удаа цус асгаруулсан халдлага гарсан билээ. Эргэн сануулахад, өнгөрсөн аравдугаар сарын 13-нд нийслэл Анкара хотноо дараалласан халдлага болж 97 хүн амиа алдаж, 500 гаруй шархтсан бол өнгөрсөн арванхоёрдугаар сард Истанбул хотын “Баярампаса” метроны буудлын ойролцоох гүүрэн дээр гэмт этгээдүүд халдлага үйлдэж, таван хүний аминд хүрсэн юм. Эдгээр халдлагын ард “Халифын улс” байгааг тогтоосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин