Америк цэргүүдийг саатуулжээ
2016-01-13

Ираны усан хилд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэмээн өчигдөр 9.00 цагийн орчимд АНУ-ын эргүүлийн хоёр завийг саатуулан, 10 усан цэргийг баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Пентагоны хэвлэлийн алба “АНУ-ын эргүүлийн хоёр завь Кувейт улсаас Бахрейн хүрэх замдаа холбоо тасарсан. Шуурхай мөрдлөгийн явцад хоёр завь Иран улсад саатуулагдсан болохыг тогтоосон” гэсэн байна.

 

“Таснем” агентлаг “Саатуулагдаад буй АНУ-ын эргүүлийн завь нь пулемётоор зэвсэглэсэн байсныг шалгалтаар тогтоосон” гэж мэдээлжээ. Уг асуудалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Иран улсын Гадаад хэргийн сайд Жавад Зарифтай утсаар холбогдож, ярилцсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Хагас цаг ярилцсаны эцэст саатуулагдаад буй завь болон цэргүүдийг нутаг буцаахаар тохиролцож чадсан хэмээн Керригийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр цэргүүдийг өнөөдөр өглөө  нутаг буцаасан гэнэ.

 

2007 оны долоодугаар сард 15 гишүүнтэй Британийн эргүүлийн онгоц Иран болон Иракийн маргаантай бүсэд нэвтэрч, 13 хоног саатуулагдаж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин