“Гацуурт”-ыг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
2016-01-13

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 9 бүлэг 53 зүйлтэй энэ хуулийн төсөлд байнгын хорооны гишүүд саналаа хэлж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Зоригт “Гадаадын мэргэжлийн компани Монголд ажил гүйцэтгэхэд манай дүрэм,журмыг заавал дагах шаардлагатай эсэхийг тодорхой тусгах хэрэгтэй” гэсэн бол гишүүн Д.Ганхуяг:

 

-Улсын комисс хүлээж авах гэж байна гээд бөөн хүнд суртал болдог. Улсын комиссынхон олддоггүй. Хуульд Улсын комисс хүлээж авах хугацааг 14 хоног гэж заажээ. Энэ хугацаандаа амжиж хүлээж авахгүй бол яах вэ? Барилгатай холбоотой зөвшөөрлүүдийг нэг цэгийн үйлчилгээгээр олгохоор заасан байсан.  Энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй хэмээж байлаа. Мөн гишүүн Б.Гарамгайбаатар “Гүйцэтгэгч,захиалагчийн хоорондын үл үйлголцол их байдаг. 2012 оноос Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжиж эхэлэн “Сум хөгжүүлэх” төсөл ажлаа дуусгаагүй хэрнээ санхүүжилтээ бүрэн авсан. Үүн дээр гүйцэтгэгч нь ажлаа дуусгаагүй мөртлөө санхүүжилтээ бүтэн авсан байдаг. Энэ асуудлыг БХБЯ яаж үзэж байна вэ” гэдгийг тодруулж байсан. Ийнхүү гишүүд үг хэлснээр дээрх төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы хуралдаанд оруулахаар боллоо.

 

Дараагаар нь Гацууртын ордын төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК  билээ.

 

“СентеррагоулдМонголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын 2015 оны 200 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан. Уг ажлын хэсэг нь  хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулжээ.  

Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах талаар Ажлын хэсэг хэлэлцээг хийжээ. Ажлын хэсгийн зүгээс алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувьөөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьсан байна.

 

Төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээ гашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах аж. Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг дараах хэмжээгээр орлуулан тогтоох боломжтой гэж үзсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх аж.

 

Хэрэв хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоох гэнэ.

Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо бий. Археологийн олдвор бий эсэхээр судалгаа хийсэн. Таван сард ажлын хэсэг гарч ажилласан. Трассынх нь дагуу судалгаа хийсэн. Ганц нэг олдвор бий. Олборлолт хийхэд хамаарахгүй байгаа.

Энэ орд жилдээ 5 тонн алтыг төв банкинд тушаана. Своп нөхцөлөөр тушаасан нөхцөлд 189 сая ам долларын орлого бүрдэх юм.

 

Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил  алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох юм.

 

Байнгын хорооны гишүүд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай төслийг анхны хэлэлцүүлгээр батлахаар санал гаргасныг дэмжив.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин