Ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдийн эрх ашиг энэ хуулиар хангагдана
2016-01-14

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

 

-Инфляци буурсан учраас 5 хувь болгох боломж бүрдлээ гэлээ. Малчны, тэтгэврийн, цалингийн зээл бүгд буурах ёстой. Ийм боломж байна уу?

 

ХАХНХ-ын сайд  С.Эрдэнэ:

 

-10 гаруй их наяд төгрөгийн өр авлагын асуудлыг шийдэх ёстой. Монголын төр байршуулах даатгуулагчдад олгох ёстой мөнгөнийхөө тодорхой хувийг олгох ажил хийгдэж байна. Бүгд тэтгэвэрт гарна, өнөөдрийн төдийгүй ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдийн эрх ашиг энэ хуулиар хангагдана.

 

Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх Б.Болд:

 

-Банкны системийн хэмжээнд дундаж хүүнд нөлөөлдөг хүчин зүйлүүд олон. Маш олон жилийн турш асар өндөр инфляцитай явж ирсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд инфляци 14-2.9 хувь болж буурсан. Зээлийн хүү буурахын тулд эдийн засгийн эрсдэл буурах ёстой. Эх үүсвэрийн өртөг нь бага байх учиртай. Гадаад тэнцвэр хангагдах боломжтой орчин руугаа орж ирсэн.Нөгөө талаас банкны системийн зээлийн өртөгт барьцаа хөрөнгөтэй холбоотой орчин чухал.  Сангийн хөрөнгө орлогын эх үүсвэр Монголбанкнаас шилжүүлсэн 1.8 их наядын бонд. Өмнөх хугацаанд олгосон 650 тэрбум төгрөгийн актив хөрөнгө шилжинэ.

 

Энэ хөрөнгөөс шинээр ипотекийн зээл олгоно. Харин ямар шалгуураар ипотекийн зээл олгох вэ гэдэг журмаа Засгийн газар батална. Жил бүр 250 тэрбумаар сангийн орлого бүрдэнэ. Ипотекийн зээлээр барьцаалсан актив хөрөнгөө барьцаалж зээл авч болно.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

 

-Эрэл хайгуул хийж, хуримтлал яаж бий болгох вэ, шилжүүлэх вэ гэдэг том бодлогын асуудлыг шийдчих гарц юм уу гэж харж байна. Монголбанкнаас 2 их наяд төгрөгтэй дүйх үнэт цаасыг өгч байна гэдэг Засгийн газрын даатгуулагчид өгөх ёстой өр байдаг болов уу. Энэ өр хаагдана. Санд жил бүр улсын төсвөөс 50-100 тэрбум төгрөг шилжүүлж, бүрдүүл гэдэг шийдвэрийг УИХ 2009 онд гаргаж байсан санагдана.  Үүнийг анхаараарай. Дээр нь тооцоог нь сайн хийх хэрэгтэй. Хүний хөгжил санг байгуултал хамаагүй зараад 1 их наяд төгрөгийн алдагдал гарсан. Тийм юм болох вий, алдагдалтай болох вий гэдэг эргэлзээтэй юм харагдаж байна. Төслийг дэмжиж байна гэв. Ийнхүү Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 78 хувь нь дэмжсэн юм.

 

Дараагаар нь Тогтоолд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шуурхай дэгээр хэлэлцэж байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20  мянган төгрөгийг олгож эхэлсэн.

 

2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж.

 

Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144.0 тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан. Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

 

Хүүхдийн мөнгийг 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2% нь авч, Өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128,795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297,475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болж байсан.  

 

Иймд эдгээр өрхөөс 18-20 дугаар бүлэгт багтсан 128.8 мянган хүүхэд болон судалгаанд хамрагдаагүй 297.5 мянган хүүхдийн 30 хувь буюу 87.3 мянга, нийт 216.1 мянган хүүхэд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах магадлалтай байна. Хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108.0 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байна. Уг ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад Халамжийн сангийн хэмнэгдэж байгаа хөрөнгөөс 993.9 сая төгрөг зарцуулахаар Засгийн газрын 2015 оны 490 дугаар тогтоолоор шийдвэрлэжээ.

 

Цаашид эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Тогтоолын төсөл нь 2 заалттай.  “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын 2 дахь заалтын “1-17 дугаар бүлгийн” гэснийг хасахаар, уг тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус заажээ. Ийнхүү уг тогтоолын төслийг хууль санаачлагач танилцуулснаар энэ өдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Монгол хүн:
Инфиляци буурахад Засгийн газар, Монгол банк ажилласан биш харин зүгээр л бичин жилийн зуднаас айсан махны үнийн уналт, худалдан авах чадваргүй болсноос буурч буй мөнгөний уналт юм. Үзүүлэлтээр нь аваад үзээрэй, инфиляци юунаас болж буурч вж гэдгийг
2016-01-15