Хүүхдийн мөнгөнд 225 тэрбум төгрөг зарцуулжээ
2016-01-15

 

Үндэсний статистикийн хорооноос 2015 оны нийгэм, эдийн засгийн жилийн эцсийн тайланг сэтгүүлчдэд мэдээллээ. Тус хорооны тооллогын тооцооны дарга Ж.Мөнхбадар, Микро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, Хүн, ам нийгэм статистикийн газрын дарга Д.Оюунчимэг нар мэдээллийг өглөө.

 

Монгол Улсын хүн ам 3 сая 61 мянгад хүрчээ

Улсын хүн ам 2015 оны эцсийн дүнгээр 3 сая 61 мянгад хүрчээ. Энэ нь 2014 оныхоос 65 мянган хүн буюу 2.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Жилийн хугацаанд 80 мянган эх амаржиж, төрсөн хүүхдийн тоо 80 мянга 875 болж, өмнөх оныхоос амаржсан эх 794 буюу 1.0 хувиар, хүүхдийн тоо 840 буюу 1.0 хувиар буурсан байна.

 

Улсын хэмжээнд 2015 онд нялхсын эндэгдэл 1234 болж, өмнөх оныхоос 17 хүүхэд буюу 1.4 хувиар, 5 хүртэлх насандаа 1476 хүүхэд эндэж, өмнөх оныхоос 29 хүүхэд буюу 1.9 хувиар буурчээ.

 

Ажилгүй иргэдийн тоо буурчээ

2015 оны арванхоёрдугаар сарын эцэст хөдөлмөрийн байгууллагад 32 мянган ажилгүй иргэд бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 40.2 мянган хүн буюу 11.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Бүртгэлгүй ажилгүй иргэдийн 54.0 хувь буюу 17 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм байна.

 

225 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ

2015 онд нийгмийн халамжийн сангаас 199 мянган хүнд 153 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Энэ нь өмнөх оныхоос нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 8.8 мянга буюу 4.2 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 11.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна. Харин “Хүнийн хөгжил” сангаас 18 хүртэлх насны нэг сая 27 мянган хүүхдэд 225 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.

 

Чанаргүй зээл 31.8 хувиар өсөв

Аж ахуй нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл оны эцэст 11.7 их наядт төгрөг болжээ. Энэ нь өмнөх оныхоос 806.8  тэрбум төгрөг буюу 6.5 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл оны эцэст 861.2 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 591.7 тэрбум төгрөг буюу 3.2 дахин өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл жилийн эцэст 824.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 199.3 тэрбум төгрөг буюу 31.8 хувиар өссөн байна.

 

147 оронтой худалдаа хийжээ

Монгол улс 2015 онд дэлхийн 147 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8466.6 сая ам.доллар, үүнээс экспорт 4669.5 сая ам.доллар, импорт 3797.2 сая ам.доллар байна. Гадаад худалдааны ний бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 25 сая ам.доллар буюу 23.1 хувиар буурчээ.

 

Эмэгтэйчүүд гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 27 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 439 хэрэг буюу 69.3 хувиар өсчээ. Гэмт хэргийн тоо өсөхөд өмчлөх эрхийн болон аж ахуйн эсрэг хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн эмэгтэйчүүд оролцсон гэмт хэрэг нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас 11 мянган хүн гэмтэж, 847 хүн нас барсан байна.

 

198 хүн амь насаа алджээ

2015 онд аюулт, осол 5422 удаа гарч, 198 хүн амь насаа алджээ. Усны ослын улмаас 94 хүн, объектын түймрийн улмаас 58 хүн, бичил уурхайн нурангины ослын улмаас 25 хүн, ус цаг агаарын гаралтай аюулт үзэгдлээс 7 хүн, уулын ослын улмаас 5 хүн, химийн бодисны ослоос 3 хүн, тарваган тахал болон сум, галт зэвсгийн ослын улмаас тус бүр 2 хүн, ой хээрийн түймэрийн улмаас 1 хүн, тэсэрч дэлбэрэх бодис дэлбэрсний улмаас 1 хүн амь насаа алджээ. Аюулт үзэгдэл ослын тохиолдол өмнөх оныхоос 494-өөр нэмэгдсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин