ХҮН-ын ээлжит бус их хурал боллоо. Энэ үеэр тус намын дарга С.Боргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Тэрбээр “Олон нийтэд танигдсан, ХҮН-ыг сонгуульд авч орох туршлагатай, улстөрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” гэжээ. Тус намын төв хорооны гишүүд түүний хүсэлтийг хүлээж аваад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮН-ын даргаар сонгох санал гаргажээ. С.Ганбаатарыг ХҮН-ын даргаар сонгохыг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар дэмжсэн байна. ХҮН-ын дарга С.Ганбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.
-ХҮН-ын даргаар сонгогдсон танд баяр хүргэе. Намаа ямар зарчмаар удирдах бол?
-ХҮН-ын эзэд бол жирийн гишүүд. Гишүүд шийдвэрээ гаргана. Шийдвэрийг удирдлагууд, дарга нар хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүгээрээ бусад намуудаас ялгаатай. Бусад улс төрийн хүчинд намын дээр бүлэглэл байдаг. Тэд гишүүддээ тулгадаг. Манай намын гол үзэл баримтлал бол бүрэн хөдөлмөр эрхлэлтийг Монгол оронд бий болгоно. Өнөөдөр ажилгүйдэл, ядуурал газар авлаа. ХҮН мөнгө хүүлэлтийг таслан зогсоохын төлөө ажиллана.
-Та илтгэлдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж дурдсан. Энэ таны албан ёсны мэдэгдэл үү?
-Хөдөлмөрийн үндэсний нам Ерөнхийлөгчийн нам байх болно.
-ХҮН сонгуульд яаж оролцох вэ? Бусадтай эвсэх үү?
-ХҮН бүх 76 тойрогт, аймаг, болон нийслэл, дүүргийн ИТХ-д өөрсдийн хүмүүсийг нэр дэвшүүлэн гаргана. Ингэж байж бид өнөөдрийн 25 жил явж ирсэн тогтолцоог дараагийн жилүүдэд шинэ, иргэдийн төлөөх нийгэм болгохын төлөө ажиллана. ХҮН шинэ, шударга, зөв хүмүүсийг төрд гаргахын төлөө ажиллах болно.
-Сонгуулийн хуульд танай нам ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн хууль шинэ намуудад осолтой, хуучин намуудад ашигтай хууль гарсан. Тэдэнд мөнгө байж болно, бидэнд хүн байгаа.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
-Хууль эрхзүйн орчин бидэнд хүнд байгаа. Гэхдээ бид гишүүд дэмжигчид, нийт ард иргэдийнхээ сайхан сэтгэл, дэмжлэг дээр хамгийн гол ач холбогдлоо тавьж байна.
Н.Энх