Хөдөлмөрийн сайд дэлхийн стандартыг нэвтрүүлэх төслийн нээлтэд оролцлоо
2016-01-20

 

Мэргэжлийн боловсролын салбарын ууган сургуулиудын нэг Сувилахуйн сургууль нь Монгол Улсад анх удаа  эрүүл мэнд, боловсрол, тэр тусмаа мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа “Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015” олон улсын стандартыг нэвтрүүлэхээр болж төслийн үйл ажиллагааныхаа нээлтийг хийлээ. 

 

Төслийн нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, ард иргэдийн эрүүл энхийг сахин хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээдэг анагаахын салбарын хөгжлийг тодорхойлогч эмнэлгийн тусламж үйлчилгээний үндсэн ажлыг үүрдэг сувилахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургалтын байгууллагад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн шинэчлэлийг нэвтрүүлж эхлэх гэж байгаад баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ард иргэдийн шаардлагад нийцсэн чанартай, өрсөлдөх чадварыг дэмжсэн, өндөр чадавхитай ажиллах хүчнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж, үр өгөөжийг үйлчлүүлэгч бүхэнд хүргэдэг үр ашигтай удирдлагын  тогтолцоог бий болгох арга  хэрэгслийн нэг нь ISO 9001:2015 олон улсын стандарт юм. Чанарын удирдлагын тогтолцооны энэхүү стандартыг сургалтадаа нэвтрүүлсэнээр олон улсын стандартад нийцсэн чанартай сувилахуйн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх алхам  тавигдах төдийгүй ухаалаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлын эхлэл болох юм. Иймээс энэхүү стандартыг эрүүл мэнд, боловсрол, сургалтын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, цаашдын тогтвортой байдлыг ханган ажиллахад сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар, оюутан та бүхний хамтын үйл ажиллагаан дээр бэхжиж эрүүл мэндийг үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай хүргэх болно” хэмээсэн юм.

 

 

Сувилахуйн сургууль нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд  туслах сувилагч, нүүр амны техникч, лабораторийн техникч, эмнэлэгийн тоног төхөөрөмж ашиглалт угсралтын техникч, электроникч зэрэг 11 мэргэжлээр техникийн болон мэргэжлийн боловсролын түвшний үндэсний мэргэжилтэй ажилтанг бэлтгэдэг. Энэ хичээлийн жилд нийт 1822  оюутан суралцаж байгаагийн 372 нь шинээр элссэн. Сувилахуй, анагаах ухааны боловсролын үйлчилгээг дэлхий нийтийн жишигт хүргэхийн тулд сургалтын хөтөлбөр, стандарт, сургалтын орчин материаллаг бааз, багшийн мэргэжил дээшлүүлэхэд олон шинэлэг үйл ажиллагааг нэвтрүүлсэн талаар мэдээллийг АШУҮИС-ийн ректор Г.Батбаатар, Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар нар сайдад танилцуулсан.

 

 

Сувилахуйн сургууль нь Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөлд хамрагдаж, техникийн суурь чадамжийн лабораториуд, эрүүл мэнд, сувилахуйн сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, мультимедиа, дуу бичлэгийн студийн техник хэрэгсэл, тавилга бүхий нийт нэг тэрбум гаруй сая төгрөгийн  хөрөнгө оруулалтыг авч тоног төхөөрөмжийн инновацийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Монголын Мянганы сорилтын сангийн төслөөр барилгын салбарт Техник технологийн дээд сургууль, уул уурхайн салбарт Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж, эрүүл мэндийн салбарт Сувилахуйн сургуулийг жишиг сургууль болгож инновацийн үйл ажиллагаануудыг сургалтанд хэрэгжүүлж байгаа юм. Мөн төслөөр мэргэжлийн багш нарыг чадамжид суурилсан сургалтын аргазүйд сургах үе шаттай сургалтуудад хамруулж, зарим мэргэжлийн багш нарыг патологи, цитологийн чиглэлээр Австрали Улсын Холмесглен институтэд 1-4 долоо хоногийн хугацаатай  туршлага судлах хөтөлбөрт хамруулж хөтөлбөр, стандартын шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж байгааг ч уг нээлтийн үеэр албаны хүмүүс онцолж байсан.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
400,0-500,0 хүн нь ажил төрөлгүй бхад энэ Хөдөлмөрийн яам гэж олон орон тоотой, том байшинд суусан газрын хэрэг алга. Хөдөлмөрийн бирж нь байж бвал барав.
2016-01-20
Зочин:
Ajliin undur amjilt husii
2016-01-20