”Адуу мал” брэндийг европын зах зээлд гаргалаа
2016-01-20

Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат  тэргүүтэй төлөөллүүд 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр  Хөгжлийн банкны бондын санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцсан юм.  

 

 

 

Тэдний  үйл ажиллагаатай нь танилцсан дараагийн  үйлдвэр нь “Дархан нэхий”. Энэ компани   жилд 500 мянган ширхэг нэхий болон савхин хувцас үйлдвэрлэж байна. Харьяа  “Гутлын үйлдвэр” нь  жилд 500 мянган хос гутал зах зээлд нийлүүлжээ. Мөн  “Адуу мал” брэндийг бий болгож Евро стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг гадаад зах зээлд экспортолж, монгол малын арьс ширний гайхамшигт онцлогийг дэлхийд таниулж байгаа экспортлогч байгууллага. Арьс ширний боловс­руулалтын чанар сайжирсан, гадаад зах зээлд гарсан  нь технологийн шинэчлэл хийсэнтэй холбоотой аж. Тус компани “Чингис бонд”-ын санхүүжилтийн эх үүсвэрээс 14 тэрбум төгрөгийн зээл авч,  технологиудаа шинэчилжээ. 8 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 14 тэрбум төгрөгийн зээлийн  хүүгийн төлбөр нь 2015 оны 02-р сараас төлөгдөөд  эхэлжээ.

 

Шинэчлэлийн Засгийн газрын үеэс эрчимжсэн   үйлдвэрлэлийг  дэмжих  буухиа Шийдлийн Засгийн газрын үед үргэлжилж буй.   Монгол Улс түүхэндээ анх удаа ийм яамтай болоод хоёрдахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Яамтай болсноор ямартай ч Монгол Улсын аж үйлдвэрийн салбар нь 2030 он хүртэл ямар  бодлогоор хөгжихийг   тодорхойлж  Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг баталсан.  Үйлдвэрлэлийг дэмжих  тухай хууль ч   “мэндэлсэн”. Энэ утгаараа дотоодын үйлдвэрүүд зөвхөн  Монголдоо эргэлдэж, 3 сая хүнтэй амтай зах зээл дээр хоорондоо өрсөлдөхөөсөө  илүүтэйгээр гадаад зах зээлийг сонирхож бүтээгдэхүүнээ борлуулах аянд мордоод байна. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл төрийн хайр хишгийг хүртэж, тодорхой дэмжлэгүүдийг хүртээд явах юм.  Энэхүү хууль батлагдсны дараахан Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  " Хууль хэрэгжснээр Монголын аж үйлдвэрийн салбарт маш их өөрчлөлт ирнэ гэсэн хүлээлт бий” хэмээн хэлж байсан удаатай. Үнэндээ Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн гол агуулга нь экспортын чиглэлийн баримжаатай үйлдвэрүүдийг дэмжихэд чиглэсэн юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолж байгаа үндэсний бүх үйлдвэрт техник технологийн шинэчлэл болон эргэлтийн хөрөнгөд гаргасан хөрөнгийг арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгоно зэрэг  олон дэмжлэг үзүүлэхээр тусгасан байгаа. Энэхүү шалгуурт нийцэн, гадаад зах зээлд хүч үзэж, монгол брендийг дэлхийд таниулахыг зорьж байгаа компани бол яах аргагүй  “Дархан нэхий” компани.

 

Тус үйлдвэр нь Итали, Испани,Тайланд улс руу хагас боловсруулсан шир, ОХУ руу арьсан бүтээгдэхүүн экспортолж байгаагийн зэрэгцээ Европын хэд хэдэн улстай бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ хийжээ. Түүнчлэн цахим худалдааны томоохон сүлжээ болох www.alibaba.com сайтаар олон улсын хэрэглэгчдээс онлайн захиалга авч байгаа аж.

 

 

 

 

Үйлдвэрт орвол, боловсруулсан үхрийн шир, хонины арьс тэвхийтэл хураастай. Эдгээрээс үхрийн шир нь Итали руу экспортлогдох бол хонины нэхийгээр нэхий дээл, гутал хийнэ. Мөн боловсруулсан арьс, ширээр цүнх хийнэ. Италичууд сарлагийн боловсруулсан арьсыг гойд сонирхдог аж. Учир нь зузаан, арьсан дээр долгионтсон хээтэй учраас буйдангийн бүрээс хийхэд гоёл чимэглэл нэмэлгүй, өвөрмөц харагддаг гэдэг байна.Өөрөөр хэлбэл, хээ гаргах шаардлагагүй гэсэн үг. Мөн оросууд нохойн арьсыг худалдан авах сонирхолоо илэрхийлэх болж. Маш дулаахан, эдэлгээ сайтай байдаг аж. Тийм болохоор хотоос жилд 60 гаруй сая төгрөгийн төсөв гаргаад золбин нохойн устгал хийнэ гээд нэг хоншоорыг нь тэд гээд үнэлдэг. Ингэж төсвөөс мөнгө үрж байхаар “Дархан нэхий”-д даатгачихаад агнасан нохойн арьсаа тушаа гэвэл багагүй мөнгө хэмнэх боломж бий л юм билээ.

 

Тус компанийн дотооддоо танигдсан бүтээгдэхүүн бол нэхий гутал. Нэхийгээ өөрсдөө боловсруулж, гутлаа  хийнэ. Харин гутлын улыг гаднаас импортоор авдаг аж. Хэрвээ энэ бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрүүдээс нэг нь хийдэг болбол ОХУ, БНХАУ-руу урсах валютыг дотооддоо шингээх боломжтой аж. Тус үйлдвэрийн удирдлагууд  амжилттай ажиллаж байгаа нь төр хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж, тууштай бодлоготой болсны үр дүн гэж  тодорхойлж байлаа.  

 

“Дархан минж”-ийнхий үйлдвэрлэсэн савхи торго шиг зөөлөн

 

Ажил оргилсон удаахь үйлдвэр нь “Дархан минж” .Чингис бондоос авсан санхүүжилтээр тоног төхөөрөмжөө шинэчилснээр Турк нэхий шиг зөөлөн нэхий үйлдвэрлэдэг болсон бол савхи нь эмрэхэд даавуу шиг зөөлхөн төдийгүй  намирна. Даргар, зузаан гэж голлогдог  байсан цаг ард хоцорчээ. 

 

 

Тус компанийнхан монгол хонины нэхийг орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар эх орондоо боловсруулан, чанар стандартын шаардлага хангасан чанарлаг, загварлаг нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд худалдаалж байна.


Цэрэг, армийн албан хаагчид, Цагдаа, Шүүх, Хил хамгаалах алба, Байгаль хамгаалагч нарын өвлийн дулаан хувцсыг чанар стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлдэг аж. Өнөөдөр “Дархан минж” компани Турк, Испани зэрэг орны мэргэжилтнээс туршлага судлан хамтран ажилласны үр дүнд, жилдээ 250 мянган нэхий боловсруулж 20-35 мянган төрөл бүрийн загварын нэхий дээл, малгай, нэхий бээлий зэргийг үйлдвэрлэдэг юм байна. Зарим өвлийн улиралтай орнуудад ч бүтээгдэхүүнээ борлуулах болжээ.

 

 

Д.Дэлгэр

Shuud.mn
Сонин хачин