Ө.Мөнгөнтулга: Кино урлаг бүх жанраар жигд хөгжөөсэй
2016-01-22

“Ороолон” аймшгийн уран сайхны кино нэээлтээ хийж, кинотеатруудаар гарч эхлээд удаагүй байна. Уг киноны найруулагч СТА Ө.Мөнгөнтулгатай уулзаж ярилцлаа.

 

-Кино нэлээдгүй хүлээлт үүсгэх шиг боллоо.

 

-“Кино цамхаг” студийн аймшгийн төрлөөр хийсэн гурав дахь бүтээл “Ороолон” нэртэй уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод хоёр хонож байна. Хүүхэд, залуус хүлээж байсан, магадгүй аймшгийн төрлийн кино эрэлт хэрэгцээтэй байсан нь үзэгчдийн хандлагаас ажиглагдаж байгаа.

-Киноны нээлт хоёр ч удаа хойшилсон.

 

-Нэгдүгээр сарын 8-нд киногоо нээхээр төлөвлөж байсан. Гэсэн ч тухайн өдөр “Сөрж болдоггүй тавилан” киноны нээлт давхардсан. Киноны уран бүтээлчид жилийн хугацаанд 1-2 уран бүтээл л хийж амждаг. Тэгэхээр хоёр киноны нээлт давхцах нь үзэгчдийн тоог бууруулах эрсдэлтэй байдаг учраас бид  хойшлуулсан. Үүний дараа нэгдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөж байгаад дахин 19-нд болгож хойшлуулсан.

 

 

-Хэтэрхий аймшгийн үзэгдлээс болж, үзэгчийн биеийн байдал муудсан. Тэгээд нээлт хойшлогдсон гэсэн үү?

 

-Театрынхан, уран бүтээлүүдэд урьдчилсан үзлэг хийж, тодорхой хэмжээний түвшин тогтоож  дэлгэцээрээ гаргах үгүйгээ хэлэлцдэг болсон. Тиймээс хүмүүст ямар байдлаар хүрэх нь вэ гэдэг талаас нь киноны уран бүтээлчид өөрсдөө жирийн үзэгчдийн өнцгөөс, найз нөхөд, сэтгүүлчдийг цуглуулж урьдчилсан үзлэг хийсэн. Тухайн үед даралтын хэлбэлзэлтэй эмэгтэй байж таарсан юм билээ. Айж цочсоноос болоод даралт нь ихэсч биеийн байдал нь эвгүйрхсэн явдал болсон. Үүнээс үүдэн бид ярилцаад зарим нэг, бүр айхтар цочоосон хэсгүүдэд засвар хийж зөөлрүүлсэн байгаа. Кино театрт янз бүрийн насны өөр өөр мэдрэмж, сэтгэхүйтэй хүмүүс ирдэг учраас олон нийтэд зориулан жаахан засварлах нь зүйтэй гэж үзсэн.

 

-Үйл явдлаас товчхон дурьдвал?

 

-Шинэ жилийн баяраа хотоос зайдуу гарч тэмдэглэх гэсэн хэсэг залууст тохиолдож буй аймшигтай үйл явдлууд гарна. Мэдээж аймшгийн үйл явдал болгон өөрийн гэсэн түүхтэй байдаг. Тэгэхээр хүнд гомдсон нэгний сүнс эргээд хүмүүсээс өшөөгөө авч буйгаар л үйл явдал өрнөнө.

 

-Аймшгийн орчныг хэрхэн бүрдүүлж зураг авдаг вэ?

 

-Хүмүүс сүнстэй таарсан гэж ярьдаг. Гэхдээ бодитоор сүнс харсан хүн би л лав одоогоор танихгүй. Киноны зохиолтой уялдуулан өөрсдөө тусгай обьект бэлддэг юм. Тэрнээс аймшгийн кино хийнэ гээд л заавал сүнс хорогдсон газар очиж зураг авснаар аймшгийн  болохгүй. Тухайлбал, далан давхрын оршуулгын газарт очоод л жүжигчнээ тоглуулаад байвал утгагүй. Монголчууд сүсэг бишрэлтэй, хар домын зүйлээс жишигч. Тийм болохоор кинонд тоглосон жүжигчинд маань дараа нь ямар нэг муу юм тохиолдвол, тийм газар очсноос болоод надад ийм юм тохиолдчихлоо гэж уялдуулж бодох магадлалтай учраас эвлүүлгийн аргаар тэр бүхнийг үзүүлдэг. Аймшгийг бий болгох гэдэг цэвэр урлаг учраас Далан давхрын оршуулган дундуур жүжигчнээ гүйлгээд эсвэл Дамбадаржаагийн сүнстэй байшинд суулгаад байх шаардлага байхгүй.

 

-Ер нь яагаад заавал аймшгийн кино гэж?

 

-Аливаа ажлыг хийхийн тулд заавал зах зээлийн судалгаа хийх ёстой. Тэр судалгааны үндсэн дээр жилд хийгдэж буй кинонуудын дийлэнх хувийг инээдмийн эсвэл тулаант, өөр бусад төрөл жанрын уран бүтээл эзэлж байгаа учраас аймшгийн төрөл өрсөлдөгч багатай байна. Тэр хэрээрээ энэ төрлийн киног сонирхож, үзэх гэж хүлээдэг хүүхэд, залуус цөөнгүй байдаг. Тэдний хүсэл сонирхлыг орхигдуулж болохгүй. Би хувьдаа монголын кино урлаг бүх жанраар жигд хөгжөөсэй гэж боддог. Энэ төрөл орхигдоод байгаа хандлага ажиглагдаж байгаа учраас барьж авч ажиллаад байна.

 

-Аймшгийн, инээдмийн гэхээр нэвт гарсан санаагүй гэх шүүмжлэл дагуулдаг.

 

-Дэлхийн киноны туршлагаас харахад аймшгийн төрлийн киноны 80 хувь нь хүнд ухаарал хайрлаж, нийгмийг төлөвшүүлж, хүнийг хүмүүжүүлээд байхаасаа илүү бодит мэдрэмжийг хүргэж, сэрэл мэдрэмжийг нь сэргээж, таашаал өгөх зорилготой л хийгдсэн байдаг. Гэхдээ хүнд юм хэлэх гэсэн санаа тодорхой хэмжээгээр явж л байдаг. Бүр ор хоосон, хэнд ч хэрэггүй мэтээр буруутгаад байгаа хүмүүсийнх шиг бүтээл бол биш. Тодорхой хэмжээгээр ингэвэл, тэгвэл болохгүй юм байна гэсэн санаа агуулагддаг. Тэрийг хувь хүн өөр, өөрийн өнцгөөс л олж хардаг.

 

-Манайхны аймшгийн кино гэж инээдтэй гэх хүмүүс ч бас байна.

 

-Үзэгчдийн сэтгэгдлийг уншихаар Монголын киночид юм хийж чадахгүй байна. Та нар өөрсдөө л чадахгүй байна, сайн найруулагч, жүжигчин алга. Тэрнээс кино хийгээд дэлхийн давцанд гарах боломж нь байна гэх хандлага ажиглагддаг. Тэр тийм биш. Мэдээж сайн уран бүтээл хийхийн тулд  сайн найруулагч хэрэгтэй. Сайн найруулагч ажиллуулахын тулд тэр хүний хүч, хөдөлмөрийг дутуу үнэлж болохгүй. Камер нь хүртэл сүүлийн үеийн дэвшилтэт технологитой байх ёстой. Тэгж байж тухайн уран бүтээл сайн бүтээл болно. Энэ бүхэнд ахиухан хөрөнгө шаардлагатай гэдгийг эсрэг өнцгөөс олж харах хэрэгтэй.

 

-Хөрөнгө нь байвал уран бүтээлч нь байна гэж үү?

 

-Би Монголын орчин үеийн киноны хөгжил гэж ярих дуртай. 1990-2000 оны үед Монголын кино урлагийн хөгжил унасан гэж хэлж болно. Харин 2000 оноос эргээд хөгжсөөр өдийг хүрсэн. Жилээс жилд сайжирч, чанаржиж л байна. Уналтын үед байсан шиг хүмүүсийн анхаарлыг нэрээрээ татах, кинонд болж буй үйл явдлаар хэтэрхий ядуу, бохир заваан амьдрал, тэнэмэл хүүхдийг харуулах байдлаар хүмүүсийн оюун санаатай уялдаж кино хийж байсан  бол харин одоо Монголын киночид дэлхийн түвшинд сэтгэж эхэлсэн гэж хэлж болно.

 

-Кино бүтээгчдэд төрийн дэмжлэг хэрэгтэй гэдэг. Таны бодол?

 

-Монголын кино урлаг хөгжих гэж бэдэрч л яваа нэг салбар. Тиймээс төрийн туслалцаа хэрэгтэй. Төр засгаас жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлал, эсвэл  нэг оёдлын цех ажиллуулдаг хүнийг их дэмждэг. Харин киноны салбарыг дэмждэггүй. Киног хувь хүн, студи бүтээдэг ч улс эх орныхоо хөгжлийн төлөө юм хийж байгаа бас л нэг жижиг дунд үйлдвэрлэл.

 

-Киноны тухай хууль батлах талаар нэлээдгүй маргалдаж байна?

 

-Миний бодлоор, бид төр засгаас мөнгө нэхэх, төр засаг нь та нарт өгөх мөнгө байхгүй гэдэг үзлээр хандахаас илүүтэй хоорондоо уялдаа холбоотой ажиллах ёстой. Төр бол уран бүтээлч биднээс илүү хүчтэй, ядаж л олон улсын харилцаа хувь хүнээс илүү байгаа. Тэгэхээр мөнгө өгөх биш гадагшаа гарч туршлага солилцох боломжийг нь л нээгээд өгчих хэрэгтэй. Тэгвэл кино урлаг маш хурдан хөгжинө. Тухайлбал, Төрийн тэргүүн гадаадад айлчлалаар явж байхдаа тухайн улсын соёлын сайд, кино хариуцсан бие төлөөлөгчтэй нь хамтын гэрээ байгуулах нь зүйтэй. Жишээ нь Солонгос улстай хамтын гэрээ байгууллаа гэхэд тэд олон ангит киногоо яаж хийж байгаа талаар манай уран бүтээлчид туршлага судлах, жүжигчдээсээ тэдний кинонд оролцуулж тоглуулах гэдэг ч юм уу тал талын гэрээ хэлэлцэлийг хийх хэрэгтэй. Тэнд ажилласан уран бүтээлч, сурсан зүйлээ буцаад эх орондоо ирж, уран бүтээлдээ тусгаж, илүү дэвшилт гаргаж ажиллах боломжтой.

 

-Таны санал биелэлээ олвол Монгол кино дэлхийд өрсөлдөх гарц нээгдэх нь.

 

-Жилд ойролцоогоор 30-40 кино монголд хийгдэж байна. Тэгэхээр яагаад төр засгаас дэмжээд үнэхээр эрэлт хэрэгцээтэй, орлого ашгаараа тэргүүлсэн 4-5-хан киног авч очоод бусад улс оронд “Монгол киноны өдөрлөг” зохион байгуулж болохгүй гэж. Тэгж байж гадны улс орнууд Монголчууд юу хийдэг юм, авъяастай эсэхийг харж чадна. Үүнд хөрөнгө, мөнгө ороод байх зүйлгүй. Хоёр улсын хэлэлцээр байдлаар зохицуулж болно. Мэдээж ашиг орлогоороо дээгүүр жагссан киноны уран бүтээлчид өөрсдөө зардлаа гаргаад харин виз нэвтрэх эрхийг нь төр засгаас зохицуулаад өгвөл тэнд өөрсдийн кино өдөрлөгийг зохиох боломжтой. Соёлын яам гэж байхгүй учраас Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч юм уу манай төр засгийнхан энийг заавал анхааралдаа авах ёстой юм.

 

-Кино урлаг харьцангуй өрсөлдөөн багатай салбар шиг санагддаг?

 

-Театрт гарч байгаа киноны 40-өөс доошгүй хувь нь Монгол уран бүтээл байна гэсэн судалгаа гарсан байна билээ. Энэ бага хувь. 50:50 эсвэл 60 хувь болгох хэрэгтэй. Тэгж байж хөгжинө. Ихэнхи хүн киног их мөнгө олж байна гэж ойлгоод байх шиг байгаа юм. Мэдээж хотоор нэг байгаа  ресторан, лоунжыг бодвол өрсөлдөөн багатай салбар л даа. Монгол кино бүтээдэг 40-50 студи л байгаа. Тэгэхээр харьцангуй өрсөлдөгч багатай. Энэ хэрээрээ сүүлийн үед мөнгө олох хэрэгсэл болгох гээд байгаа хандлага ажиглагдаж байна. Мөнгөтэй хүмүүс кино урлагаар тоглоно гэдэг шиг. Хэтэрхий мөнгө хөөсөн тал руугаа орох юм бол буруу хөгжинө.

 

-Нэг кино ямар өртгөөр бүтдэг юм бэ?

 

-Цөөхөн дүртэй, зураг авалт багатай кино гэхэд 60-70 сая төгрөгөөр бүтдэг. Тэр зардлаа буцаагаад нөхөх гэхээр манай зах зээл бага. 3 сая хүн амтай. Нийслэлд 1 сая гаруй нь амьдардаг. Тэрнээс идэвхитэй кино театрыг зорьж очиж үздэг нь 50-60 мянга л байдаг. Тэгээд кино театруудтай ашгаа хувааж авдаг.

 

-Кино театр хэдийг, уран бүтээлч хэдийг?

 

-Одоогоос хоёр жилийн өмнө кино театр 50 хувийг авдаг байсан. ШӨХТГ-аас 2 жилийн өмнө 48:52 болгож уран бүтээлч арай илүү ашиг авдаг болсон. Үүнээс өмнө хувь хүн өөрөө кино театруудтай гэрээ хийж болдог байсан учраас татвар бага хэмжээгээр төлдөг байлаа. Одоо бол театрууд заавал албан ёсны тамга тэмдэгтэй компанитай гэрээ хийдэг болчихсон. Тэгэхээр нэг талаараа бидний авдаг ашиг их болж харагдаж байгаа ч цаагуураа татвараа улсад компанийн статусаар төлөөд эхлэхээр авдаг байсан хувь маань 20,30 хувь руу орчихож байгаа юм л даа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tertei tergvi ergen toirond eldrv aimshig dvvren baikhad zakh zeel nereet zaaval iim sedeb songoj khvvkhed zaluusiin tuluvshij yadaj baigaa. Oyun sanaag khorduulj yakh ni be? Iim turliin kinoniikhoo niigemd yaj nuluulukjiig ni tootson yumuu .kino bol khvmvvsiin setgel sanaand asar khvchtei nuluuldug zvil. MANAID iim turliin khino khiikh yamarch shaardlaga baikhgvi .
2016-01-23