Египетэд 15 тэрбумын хөрөнгө оруулна
2016-01-22

БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр Египетийн нийслэл Каир хотноо төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Си дарга тус улсын Ерөнхийлөгч Абдулл Фаттах аль Сиситэй уулзаж, 15 тэрбум ам.долларын өртөгтэй дэд бүтцийн шинэчлэлийн 21 гэрээг үзэглэсэн байна.  Египетийн эрчим хүч болон зам тээврийн дэд бүтцийн төслүүдэд Хятад улс хөрөнгө оруулахаар болжээ. Уг айлчлалтай холбогдуулан Каир хотын хамгаалалтыг нэмэгдүүлж, хөл хорио тогтоосон байна.

 

Си даргын айлчлалын үеэр Каир хотноо дарангуйлагч Хосни Мубаракийн 30 жилийн дэглэмийг нураасан арабын хувьсгалын таван жилийн ой тохиосон юм. 2011 оны нэгдүгээр сарын 21-нд Мубаракийг төрийн эрхээс түлхэн унагааж, анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулсан түүхтэй. Арабын хувьсгалын ой болон Си даргын айлчлалтай давхцаж Каир хотын Гиза гэх дүүрэгт террорист этгээдүүд дэлбэрэлт зохион байгуулж, зургаан хүний аминд хүрчээ.

 

БНХАУ-ын даргын айлчлалын дараагийн зогсоол Иран улс юм. Тэрбээр энэ сарын 19-21-ний өдрүүдэд Саудын Араб улсад төрийн айлчлал хийжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин