Аврагчид ангийн шинэ байр, орон сууцтай боллоо
2016-01-22

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар Гал унтраах, аврах анги шинэ барилгатай боллоо. Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү оролцов. Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна албан хаагчдын ажиллах таатай орчин нөхцлийг сайжруулах, тэдний  нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн томоохон үйл явдал болж байгаа юм.

 

Онцгой байдлын газрын хоёрдугаар зэрэглэлийн Гал унтраах, аврах анги нь 36 албан хаагчтай. Говьсүмбэр аймгийн хувьд ахуйн гал түймэр, салхи шуурга, зам тээврийн осол ихэвчлэн тохиолддог. Өвлийн улиралд иргэд цасанд боогдож автомашинтайгаа хээр, гадаа суух, төөрөх зэрэг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагуудад зонхилон ажиллаж байна.

 

Гал унтраах, аврах ангийн барилга нь найман айлын орон сууцын хамт баригджээ. Тэрхүү орон сууцанд амьдрах алба хаагчид өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаас орон сууцны түлхүүрээ гардан авав. Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Гал унтраах, аврах анги нь 4300 м.кв талбайтай, гурван давхар барилга юм. Барилгын гүйцэтгэгчээр “Зос трейд” ХХК ажиллаж ангийн барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөв. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах, аврах ангийн хуучин барилга нь баригдаад 25 жил болсон байжээ.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин