Үзэгчдийг уяраасан “Увертура”-гийн үдэш
2016-01-25

 

Поп опера урсгалаар уран бүтээл туурвидаг “Увертура” хамтлагийн залуус “Надад үлдсэн найз” мюзикл  тоглож үзэгчдийн хүртээл болголоо. Нөхөрлөлийн үнэ цэнээс гадна ээж хүүгийн хайр, анд нөхдийн хайр хичнээн чухлыг үргэлж санаж явах учиртай гэдгийг харуулсан уг мюзиклд дуучид, мэргэжлийн жүжигчидтэй хамтран тоглосон нь  шинэ өнгө аясыг илэрхийлж байлаа. Тоглолт гурван өдөр үргэлжилсэн бөгөөд энэ сарын 24-нд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа сүүлийн удаа тоглогдсон юм. Хаалтын тоглолт амралтын өдөр тохиосон болоод тэр үү танхим дүүрэн үзэгч цугласан байлаа. Жүжгийн гол дүрд "Увертура" хамтлагийн залуус өөрсдөө тоглосон бөгөөд төрийн соёрхолт, МУГЖ  Ц.Төмөрбаатар эмчийн дүр бүтээсэн нь мюзиклийг улам тодотгож байлаа. Өвчтэй найзыгаа  эмчлүүлэх гэж амь өрссөн үйлдэл хийж буй найзуудын тухай мюзиклд өгүүлэв.

 

Тоглолтын дараа зарим үзэгчийн сэтгэгдлийг хуваалцлаа.

 

Д.Гиймаажав /Үзэгч/: Бүгд миний  уйлах шалтгаан  байлаа


“Надад үлдсэн найз" мюзикл үзээд гарч ирлээ. Үнэхээр их сэтгэл хөдлөж шууд л сэтгэгдэлээ хуваалцмаар санагдаж байна. “Увертура” гэдэг хамтлагийн дууг сонсож биширдэг байлаа. Мюзикл тоглолт гэхээр нь шууд л үзмээр санагдсан. Сэтгэл ханамж дээд цэгтээ хүрч уйлж уйлж л гарч ирлээ. Үнэхээр бишрэхээс аргагүй залуус юм. Дуучин залуус гэхэд жүжиглэлт дүрдээ орж байгаа байдал гээд л мэргэжлийн хүмүүсээс ялгагдах зүйл байхгүй үнэхээр мундаг байлаа. Илүү их амжилт хүсьe. Хүн хүнээ гэх сэтгэл ямар агуу зүйл байдаг гэдгийг найз нөхөрлөлийн сэтгэл зүрхээр үнэхээр сайхан харууллаа. Ээж хүүгийн хайр, анд нөхдийн хайр гээд л үнэхээр миний уйлах шалтгаан бүгд л байлаа.

 

 

Ц.Одгэрэл /үзэгч/: Найз нөхдөө хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо


 “Мюзиклээр дамжуулан орчин үед найз нөхдийн мөн чанар  юун дээр тогтож,  үерхлийн утга учир хаана оршиж байна вэ гэдгийг  харуулахыг зорьжээ. Үнэхээр цагаа олсон зөв санааг хөндсөн шиг санагдлаа. Ариухан цагаахан үeрхэл нөхөрлөл, хайр дурлал амттай...Энэ танхимд энэ мюзиклийг үзсэнээрээ би найз нөхдөө улам илүү хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.

 

Mюзиклийн зохиолчоор “Милл” кино компаний зохиолч Д.Мөнхбат ажиллаж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан /МУСТА/, зөвлөх найруулагчаар Х.Энхболд ажиллажээ. Мөн хөгжмийн зохиолч найруулагчаар Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар Т.Түмэн-өлзий ажиллаж, дууны үгийг Л.Таванбаяр /МУСТА/ бичсэн байна. 

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
bgr:
iim hamtlag bdg ymuu medehgui ym bna
2016-01-25