Балданлхам бурханы дүр бүхий 300 гаруй бүтээл дэлгэгдлээ
2016-01-25

 

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд “Арван хангал” бурхадын үзэсгэлэнг цувралаар олон нийтэд дэлгэн танилцуулж байгаа юм. Энэ удаад “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнг нээлээ.

 

 

Уг үзэсгэлэнд Балданлхам бурхан болон түүний охин тэнгэр Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх хэмээх 5 бурханы 300 орчим бүтээл дэлгэгджээ. Ил бүтээлүүдийн 96 орчим хувь нь музейн сан хөмрөгөөс анх удаа олон нийтэд хүрч байгаа төдийгүй зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, модон барын дардас, сийлбэр зэрэг бурхан урлалын бүхий л төрлөөр бүтээгдсэн байна.

 

Монголчууд “Лхам” бурханыг ихэд эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Тиймээс цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл бүхэнд залран ирдэг хэмээн бэлгэшээн, ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг заншил уламжлагдан хадгалагдсаар иржээ. Үүнтэй холбогдуулан сар шинийн өмнө тус үзэсгэлэнг нээж, сарын хугацаанд олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж буй юм байна.

 

Үзэсгэлэнд оролцсон зарим хүмүүсийн сэтгэгдлийг хүргэж байна.

 

БСШУЯ-ны соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр

 

-Монголчууд өөрсдийн гэсэн соёл, өв уламжлалтай ард түмэн. Энэхүү өв уламжлалыг өнөөдрийн цаг үед олон түмэнд хүргэж, хадгалан хамгаалж байдаг байгууллага бол музей. Өнөөдөр Дүрслэх урлагийн музей  өөрийн сан хөмрөгт хадгалагдаж, тэр бүр олон нийтийн хүртээл болоогүй ховор бүтээлийг сэдэвчилэн танилцуулж, олон нийтэд түгээж байгаа нь сайшаалтай юм. Үүний өмнө Очирваань бурхадын үзэсгэлэн гаргасан бол энэ удаад Монгол түмний шүтэн биширч байдаг Балданлхам бурхан түүний номын охин бурхадын үзэсгэлэнг нээж байгаад баяртай байна.

 

 

 

Бурхан урлаач Д.Ухаанзаяа

 

-Дэлхийд монголчууд хоёр том байлдан дагуулалтыг хийсэн гэж би үздэг. XIII зууны тэртээд Эзэн Чингис хаан маань байлдан дагуулалтыг хийж,  нүднээ үзэгдэх дайсныг ялж болдог юм гэдгийг харуулж чадсан. Харин  хоёр дахь том байлдан дагуулалт нь их хөлөгний уламжлалт номт мэргэд Өндөр гэгээн Занабазар тэргүүтэн бурханы номлолоор нүднээ үл үзэгдэх хэр нь хүний дотор сэтгэлд нуугдан хоргодож байдаг муу сэтгэлийн ховсдолыг ялан дийлж болдог юм гэдгийг харуулсан. Тэр бүгдийг даван дийлдэг бурхадын нэг нь энэ Балданлхам бурхан юм.

 

 

Дүрслэх урлагийн музей н захирал У.Сарантуяа

 

-Төсвийн санхүүжилт хараахан орж амжаагүй байна. Тэгсэн ч бид цагаан сарын өмнөхөн энэ үзэсгэлэнг гаргах учиртай гэж зорьж өнөөдөр нээлт хийж байна. Музейн үзмэр бол үйл ажиллагааны үндэс байдаг. Тэгэхээр бид урьд өмнө нь огт үзүүлж байгаагүй бүтээлээ олон нийтэд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнг ирж үзсэнээр Монголын бурхан урлалын уламжлал, өвийг орчин үеийн Монголын бурхан урлалын хөгжил, онцлогийг нэгэн дороос хамтад нь тольдох боломжтой юм. Мөн бурхан урлаач Д.Ухаанзаяа өөрийн бүтээлүүдийг тус үзэсгэлэнд дэлгэн толилуулж байгаа нь үзэсгэлэнгийн нэгэн шинэлэг тал болж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
uhruud hunii iumaar suudegneed iahav. edgeer ium chini tovdod hariialagdana. mongol tolgoigoor butsen ium baina uu
2016-01-25