”Хөвсгөл”-ийн мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
2016-01-26

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос аялал жуулчлалын өвлийн арга хэмжээнүүд зохиогдож эхлэхтэй холбогдуулан Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл, мөсний зузааны байдлын талаар мэдээллээ.

 

Энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20 цэгт /цэг хоорондын зай 6-8 км/ мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45 см, Хатгал тосгоны ойролцоох зургаан цэгт /цэг хоорондын зай 3 км / хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн, бутралт ихтэй байжээ.

 

Нуурын хойт хэсэгт хийсэн хэмжилтээс үзэхэд Ханхаас Далбай хүртэлх  нуурын зүүн хойт эрэг орчмын хэсэгт мөсний зузаан 44-50 см, баруун хойт эрэг орчмынх Зимъяаны эргээс Өлийн амны хойт хэсэг хүртэлх хэсэгт мөсний зузаан харьцангуй бага 25-50 см байв. Дулаан уулын орчимд эргээс 200 м-т ба Хачим орчимд эргээс 500 орчим м-т тус тус мөсний зузаан бага, далд өрх ажиглагдсан байна.

 

Ус судлалын Хөвсгөл-Хатгал харуулын мэдээгээр өнгөрөгч 12 дугаар сарын 20-нд 20 см, 31-нд 24 см, энэ сарын 10-нд 52  см, Хөвсгөл-Ханх харуулд 12 дугаар сарын  31-нд 31 см, 2016 оны 1 дүгээр сарын 10-нд 55 см тус тус байна. Энэ нь олон жилийн дунджаас 5-8 см ахиу байгаа аж.

 

Нуурын мөсний зузаан 50 орчим см, зарим газарт 25 см, далд өрх, хар хил байх нөхцөлтэй байна. Тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй, мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох шаардлагатай байна. Ялангуяа, ачааны машин зорчихыг хориглох шаардлагатай байна гэж мэдээлэв.

 

Б.Хүлэг

       

Shuud.mn
Сонин хачин