Мэдээллийн санд бүртгэлтэй бол хүүхдийн мөнгийг олгоно
2016-01-27

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохоор болсон. Ингэхдээ Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхдүүд хүүхдийн мөнгө авах юм. Хэрэв таны хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй бол төрийн байгууллага болон банкинд хандаж, ямар нэгэн өргөдөл бичиг баримт бүрдүүлэлгүйгээр хүүхдийн мөнгөө авна гэсэн үг.

 

Харин танай хүүхэд 2013 оны 11 дүгээр сараас хойш төрсөн бол сум, хорооны нийгмийн халамжийн ажилтандаа хандаж, мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ гаргах хэрэгтэй аж. Хүсэлт гаргахдаа хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авч очих шаардлагатай юм байна.

 

Тухайн иргэний мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан сараас нь тооцож хүүхдийн мөнгийг олгох аж. Иймд энэ сардаа багтаан сум, хорооны халамжийн ажилтанд хандахыг зөвлөе.


Мөн танайх өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд огт хамрагдаагүй бол сум, хорооны халамжийн ажилтанд хандаж, маягтын дагуу өргөдөл бөглөх хэрэгтэй. Халамжийн ажилтан танайд очиж асуулгын хуудас бөглүүлснээр өрхийн амьжиргааны түвшинг тогтооно гэж Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин