Чулуужсан үлэг гүрвэлийн яс тээвэрлэж явсныг илрүүлжээ
2016-01-27

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны А/13 тоот тушаалаар батлагдсан “Сар шинэ-2016” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байгаа билээ.

 

Уг арга хэмжээний хяналт шалгалтын үеэр энэ сарын 17-ны оройн 18:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат М, Х нар болон Улаанбаатар хотын харьяат иргэн Н нар хууль бусаар малтлага хийж олж авсан эртний чулуужсан үлэг гүрвэлийн ясыг тээвэрлэн явсныг Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсийн алба хаагчид  хамтран илрүүлжээ. Сэжигтэй этгээдүүдийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

 

Тэдний хууль бус малтлагаар олж авсан эртний чулуужсан үлэг гүрвэлийн ясыг Шинжлэх ухааны академийн Геологи, палентлогийн төвд шилжүүлж, энэ сарын 18-ны өдөр дүгнэлт нь гарчээ.

Үүнд:

1. Эвэрт үлэг гүрвэл буюу Protoceratops andrewsi Crangert Cregory-ийн бүтэн биеийн хэлхээ яс, толгойн яс


2. Нугас хошуут үлэг гүрвэл буюу Nadrosauridas-ийн 19.5см-ээс 14.5 см-ийн хэмжээтэй зулзаганы бүтэн бус хэлхээ яснууд юм.


Эдгээр амьтад нь дэлхий дээр 71-84 сая жилийн хуримтлагдсан хурдас хуримтлал юм. Одоогийн байдлаар энэхүү олдворуудыг Өмнөговь аймгийн Булган сумын Төгрөг гэх газраас олсон байх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 222 дугаар тушаалаар баталсан Монгол Улсын нутагт археологи, палеонтлогийн хайгуул, малтлага, судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулах ёстой.


Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 13.1-д заасны дагуу археологи, палеонтлогийн аливаа олдвор нь төрийн өмч байдаг. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт археологи, палеонтлогийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар олгодог.


Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” жагсаалтад орсон дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн устгасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульд заасан байдаг.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин