Өндөр Гонгорын хөөргийг үзэсгэлэнд дэлгэнэ
2016-01-29

 

Монголын үндэсний музей “Хөөрөг даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнг цагаан сарын баярт зориулан олны хүртээл болгох гэж байна. Тус үзэсгэлэнд музейн цуглуулгад хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг дэлгэх аж.

 

Монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөргийг дэлгэх юм байна. Тухайлбал, Хичээнгүй сайд Цэрэндоржийн их гарын улаан шүрэн толгойтой гартаам судалтай алаг манан хөөрөг, нэрт эрдэмтэн, улс төрч, Цэвээн Жамсрановын мөнгөн хөөрөг,  алдарт Өндөр Гонгор, Халхын олон хүчит бөхчүүдийн гар дамжсан чүнчигноров толгойтой, цэнхэр манан хөөргийг үзэсгэлэнд тавина. Мөн мана, гартаам цахиур чүнчигноров, болон тана, шүр, ундрам, хув, шил, шаазан, зааны соёо, модны үндэс зэрэг үнэт чулуу, ховор түүхий эдээр хийж, алт мөнгө, зэс, гууль, зэрэг үнэт төмөрлөгийн урлалыг шингээсэн олон хөөргүүд тавигдах юм байна.

 

Өвөрхангай аймгийн  Хайрхандулаан сумын ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд урласан зүү ороож, буга, согоо дүрслэн бүтээсэн  хөөргөний торгон даалин үзэсгэлэнд дэлгэгдэх юм.

Тус үзэсгэлэн хоёрдугаар сарын 3-наас гуравдугаар сарын 6-нийг хүртэл үргэлжлэнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин