УИХ-д нэр дэвшигчдийг СЕХ бүртгэнэ
2016-02-01

Гэрэл зургийг MPA.MNСЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сонгуулийн жил хуульд заасны дагуу явагдаж байна. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх сонгуулийн тойрог, мандатыг баталж,  санал авах өдрийг товлолоо. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн Хурлын тэргүүлэгчид байгуулдаг заалттай.

 

Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн Хурлын тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, зарлана.  Сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийн мэдээллийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар нэгжид хүргүүлнэ. Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана. Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тус Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. СЕХ хороо энэчлэн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын энэ оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарийг гаргалаа хэмээлээ.

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тойргийн хороо бүртгэдэг байсан бол энэ удаа СЕХ бүртгэж үнэмлэх олгох юм байна. Дээд шүүхэд 24 нам бүртгэгдсэн. Тиймээс энэ сонгуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тоо нэмэгдэх магадлалтай гэж СЕХ үзэж байна.  Ийнхүү сонгуулийн бэлтгэл ажил  цагийн хуваарийн дагуу явагдана хэмээн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин