16 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татжээ
2016-02-02

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж эхэллээ.  

 

Одоогоор хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 300 аж ахуйн нэгж, байгууллага, 1244 иргэнийг шалган 1194 зөрчил илрүүлж, 67 хувийг газар дээр нь арилгуулан, албан шаардлага, дүгнэлт, акт өгөөд байна.   

 

15 кг-аар савласан, шошгын зөрчилтэй бууз, 50 гр-аар савласан “Марио” цөцгийтэй тараг, “Нийслэл” нэрийн хэвийн боов, “Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхөнгай аймгийн Маргад цехийн үйлдвэрлэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн зэрэг 16 нэр төрлийн 219 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ. Мөн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савласан цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрсэн тул худалдахыг зогсоосон байна.

 

Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад 400 гаруй хүнийг хамруулсан сургалт зохион байгуулж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 570 хүнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.   

 

 Үүнд:

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах
  • Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын бүрэн бүтэн эсэх
  • Хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалан худалдаалж байгаа эсэх
  • Өндөгний хальс нимгэрч өнгө нь өөрчлөгдөөгүй, хагарч цуураагүй, гадна тал нь бохирдсон эсэх
  • Шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч төвийсөн, дарахад хонхолзож байгаа эсэх
  • Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж муудсан шинж тэмдэг илэрсэн бол худалдан авахгүй байх, ямар нэгэн зөрчил илэрсэн бол харьяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин