Томуугаар 118 хүн амиа алджээ
2016-02-03

ОХУ-д гахайн ханиад буюу “H1N1” дэгдээд байна. Томуугийн халдварын улмаас 118 хүн амиа алдаж, 1.5 сая хүн эмчлүүлж буй тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснийг “www.pri.org” уламжлав.

 

Өнгөрсөн сарын 19-нд Москва хотноо томуугийн анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 54 хүн амиа алджээ. Санкт-Петербург хотноо томуугаар 37 хүн амиа алдсан гэв. Хотын эрүүл мэндийн төв “Амиа алдагсдын ихэнх нь ужиг өвчтэй байсан” гэж мэдээлжээ.

 

Томуугийн тархалт их байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч В.Путин орон даяар хөл хорио тогтоож, сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох тушаал буулгасан билээ. Тус улсын Боловсролын яам “Одоогоор 8891 сургууль, 1688 цэцэрлэг, 45 тусгай сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг тараасан. Эмч нар сургууль, цэцэрлэг болон гудамж талбайг ариутгаж буй” гэсэн байна.

 

Оросоос гадна Украинд гахайн томуу дэгдээд буй аж. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас “Томуугаар 87 хүн амиа алдсан” гэж мэдээлэв.  2009 оноос хойш гахайн ханиадаар 200 мянга гаруй хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин