Халамжийн Д. Баярсайханы 4.5 тэрбум төгрөгийн гэх хэрэг хаачив?
2016-02-03


Тухайн цаг үедээ олны анхаарлыг татаж, тодорхой албан тушаалтан, хувь хүнд хуулийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байсан үйл явдлууд эцэстээ үнэн худал нь тогтоогдолгүй сураг чимээгүй болж, мартагдах тохиолдол цөөнгүй бий.

 

Нийгэмд гэмт хэрэгтэн мэтээр ойлгогдож, хэвлэлээр бичигдэж байсан сэжигтэн, холбогдогч нарын гэм буруугүй нь тогтоогдлоо гэхэд үүнийг хуулийн байгууллагын зүгээс нийтэд зарлаж, нэр хүндийг нь сэргээдэггүй, нэр хоч зүүсэн чигтээ “мартдаг” явдал ч хавтгайрсан. “Өглөөний сонин” хуучирсан хэргүүдийн хойноос сураг тавьж, чухам болж өнгөрснийг сануулах үүднээс цувралаар онцолж буй юм.

 

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан нарын дөрвөн хүнийг 2014 онд Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж, дуулиан дэгдээж байсан юм. Тэгвэл энэхүү хэрэг ямар шатандаа яваа, хаана шалгагдаж байгаа талаарх мэдээллийг бид эрэн сурвалжилсан боловч чухамхүү тоймтой мэдээлэл өгөх албан тушаалтан олдоогүй юм. Ингээд болсон үйл явдлыг он, cap, өдөр дарааллаар нь эргэн сэргээж харцгаая.

 

БАРИВЧИЛГААГААР ЭХЭЛСЭН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА

 

НХҮЕГ-ын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, түүний төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд нарыг их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2014 оны арваннэгдүгээр сарын 17-нд Эрүүгийн цагдаагийн газраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

 

Нэр бүхий хүмүүсийг баривчилсны дараа ШШГЕГ-ын зүгээс “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд уг саналыг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дүүргийн I прокурорын газраас шүүгчид хүргүүлсэн” гэсэн ганцхан албан мэдээллийг олон нийтэд өгсөн юм.

 

2014 оны арваннэгдүгээр сарын 20. ЭЦГ-ын ЗБГХТГ-ынхны мэдээлснээр “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг өөр нэг албан тушаалтны хамт эрүүгийн хэргийн сэжигтнээр цагдан хорьсон нь үнэн. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалт жигдэрсэн хойно прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх боломж бий" хэмээлээ.

 

2014 оны арваннэгдүгээр сарын 22. Дүүргийн I прокурорын газрын зүгээс хэргийн талаар тайлбарлахдаа “НХҮЕГ -ын дарга асан Д.Баярсайхан болон тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн дарга асан Д.Баярсайхан болон тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан, Ч.Эрдэнэбулган нарыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Хэргийг ЗБГХТГ-т шалгаж байгаа” хэмээж байв.

 

Түүнчлэн “Д.Баярсайхан нарын хүмүүсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй. Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 35 сая төгрөг компанийн данс руу шилжсэн баримт гарч ирсэн” гэж тухайн үед хуулийнхан мэдээлж байсан.

 

Тэгвэл Д.Баярсайхан нарыг баривчилснаас хойш таван cap орчмын дараа хэвлэлд “...Чимээгүй болсон уг хэргийн мөрдөн байцаалт идэвхжжээ. Нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эздэдээ очсон эсэхийг тодруулахад цаг хугацаа шаардах учраас цагдаагийн байгууллага томоохон хүчээр ажиллажээ. 

 

Төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагчийг уг хэрэгт татан оролцуулж мөрдөн байцаалт явуулжээ. Цагдаагийн байгууллагын уг ажиллагаа саяхан дуусч, дүн мэдээгээ нэгтгэж эхэлснийг эх сурвалж мэдээллээ” гэх мэдээ 2015.10.28 www.morningnews.mn сайтад гарчээ. Харин үүнээс хойш мөрдөн байцаалт дууссан эсэх, прокурорт шилжсэн эсэх гээд олон асуултад хариу гарсангүй өнөөдрийг хүрчээ.

 

МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ДУУССАН УУ?

 

Бид хэргийн талаар цагдаа болон прокурорын хэд, хэдэн эх сурвалжтай уулзаж асуухад “Нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэхүү шалгалтын явцад халамж үйлчилгээний сангийн мөнгийг угаасан байж болзошгүй гэж сэжиглэж байсан. Харин наад хэрэг чинь одоогоор хаана шалгагдаж байгаа нь тодорхойгүй байна” гэх хариултыг өгч байв.

 

С.ЭРДЭНЭ САЙДЫН ХАРИУЛТ

 

Түүнчлэн энэ хэрэгт салбарынх нь сайд С.Эрдэнийг хамаатуулж бичиж байв. Тэгвэл уг хэрэг дуулиан дэгдээж эхэлснээс хойш тав хоногийн дараа буюу С.Эрдэнэ 2014 оны арваннэгдүгээр сарын 25-нд нэгэн хэвлэлд дараах тодруулгыг өгч байлаа. “Намайг энэ хэрэгт холбогдуулан шалгана гэж байгаа бол улс төрийн зорилготой дуулиан дэгдээж байна гэж үзэхээс аргагүй. Манайхан нэг хэрэг илрүүлэхээрээ хэт давуутай мэдээлж, олныг шуугиулдаг, тэгээд нотлох баримтыг араас нь бүрдүүлдэг муу зуршилтай. Тэдгээрийн нэг биз.
Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэсэн байна лээ.

Халамжийн байгууллагад угаах хэмжээний их мөнгө байх уу гэдгийг бодолцох биз. Албан тушаалаа урвуулсан, ашиг сонирхлын зөрчлийн хэрэг гэвэл өөр хэрэг. Гэтэл их л сүржин мэдээлэл тарсан. Гэвч шалгадаг газар нь шалгаад тогтоох биз дээ. Хянаж, шалгаж болно. Гагцхүү тэр хүний эрүүл мэндэд анхаарлаа хандуулахыг сануулах ёстой. Д.Баярсайхан бол эрүүл мэндийн хувьд сайнгүй, хиймэл түнхтэй, элэгний вирустэй хүн. Түүнийгээ байнга эмчлүүлж байдгийг хүмүүс сайн мэднэ.

Хууль хяналтынхан хүний амь нас, эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг анхаараасай гэж бодож байна. Ахмадын өдөр өнжүүлэх буюу сувиллын мөнгөтэй холбоотой шалгаж байгаа гэсэн. Орон нутаг бүрт ахмадуудыг өдрийн цагаар сувилдаг өдөр өнжүүлэх бий. Тэдгээр газрын санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргаж, сонгон шалгаруулалтыг НХҮЕГ явуулдаг.

Өдөр өнжүүлэх сувиллыг ажиллуулах төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд орон нутгийн төсвөөс тоймгүй их мөнгө өгдөг гэж би хувьдаа бодохгүй байна. Гэхдээ шалгаж буй хүмүүс нь илүү тодорхой хариулт өгөх биз дээ" хэмээж байв

 

Ямартай ч Нийгмийн халамж үйлчилгээний газар нь нийтдээ 70 гаруй төрлийн халамжийг орон даяар түгээдэг бөгөөд тус байгууллагын дансаар олон арван тэрбум төгрөг эргэлдэж байдаг нь үнэн юм. Тиймдээ ч энэ хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн, одоо мөрдөн байцаалтын явц аль шатандаа яваа нь мэдэгдэхээ байсан олон хэргийн нэг учраас ийнхүү нэхэн хөөлөө.

 

Хэрвээ үнэхээр Д.Баярсайхан нар албан тушаалын гэмт хэрэгт оролцоогүй бол түүнийг нь яагаад олон нийтэд мэдээлэхгүй байна вэ? Эдийн засгийн гэмт хэрэг хэмээн нэрлэгдэж сүр дуулиантай баривчилгаа явуулсан. Уг хэрэг усанд хаясан чулуу шиг алга болж улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан мэдээллийн үнэн худал эцэслэн шийдэгдэхгүй байгаа нь анхаарал татсан хэвээр байна.

Р.Саруул

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bkj
2016-02-03