1000 гаруй жилийн өмнөх хөшөө олджээ
2016-02-04

 

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Д.Доржийн мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Монгол археологи” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

 

Тус хуралд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Монгол улсын их сургуулийн Антропологи-археологийн тэнхим, Улаанбаатарын Их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Монголын Үндэсний Музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв гэсэн зургаан байгууллагын 70 гаруй судлаач, гадаадын 50 гаруй эрдэмтэн оролцоно.

 

Өнгөрсөн онд археологийн салбарын судлаач, эрдэмтэд гадаадын есөн улсын археологчидтой хамтран 15 аймгийн 33 сумын нутагт судалгаа хийж, 100 орчим дурсгалыг малтан судалж, 1000 гаруй олдворыг илрүүлжээ. Энэ талаар ШУА хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Доктор Б.Цогтбаатар “Өнгөрсөн жилд Монгол-Японы хамтарсан төслийн хүрээнд хээрийн судалгаа буюу малтлагыг амжилттай хийсэн. Тус газар нутгаас нийт том, жижиг 39 чулуун хөшөөний хагархай олдсоныг эвлүүлэхэд нийтдээ 13 том хөшөө болж байсан. Эдгээр хөшөөн дээр тухайн үеийн бичээс, тамга тэмдгүүд байсан бөгөөд одоогоос 1,000 гаруй жилийн өмнөх түүхийг агуулсан хөшөө гэж судлаачид дүгнэсэн”  гэж мэдэгджээ.

 

“Монгол археологи” эрдэм шинжилгээний хурлын үеэр дээрх олдворуудаар  үзэсгэлэнг гаргахаар болсон байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин