Цэргийн дүрэмт хувцасны үзэсгэлэн нээгдлээ
2016-02-04

 

Зэвсэгт хүчний 95 жил, Монгол цэргийн музей үүсэн байгуулагдсаны 50 жил, Монголын Театрын музейн 25 жилийн ойг угтан “Монгол цэргийн музей”, “Монголын театрын музей” хамтран “Дэлгэцэнд мөнхөрсөн цэргийн дүрэмт хувцас” үзэсгэлэнг нээлээ.

 

Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Богд хаант Монгол улсын торгон цэргийн 4-р зэргийн жанжин болон ардын журамт цэргийн дүрэмт хувцас, Монгол Ардын Хувьсгалт цэргийн хэрэглэж эхэлсэн анхны цэргийн цол бүхий дүрэмт хувцасыг дэлгэжээ. Мөн 1944, 1953, 1963, 1970, 1984, 1991 оны дүрэмт хувцасны загварууд болон Маршал Х.Чойбалсан, 1939, 1945 оны дайнд оролцож байсан эмнэлгийн албаны хошууч Батмөнх, дэслэгч генерал Д.Ёндондүйчир, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж баатарлаг гавъяа байгуулсан ахлагч Г.Аззаяа нарын үе үеийн цэргийн алдартны эдэлж хэрэглэж байсан 16 иж бүрэн дүрэмт хувцасыг тавьсан байна. Театрын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй “Суварган цэнхэр уулс”, “Хатанбаатар”, “Говь хянганд тулалдсан нь”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” зэрэг уран сайхны кино, мөн “Арын албаныхан”, “Ээдрээ”, “Маш нууц” жүжиг зэрэг цэрэг, дайны сэдэвтэй кино урлаг, тайз дэлгэцнээ мөнхрөн үлдсэн цэргийн дүрэмт хувцасны түүхийг харуулсан, 30 гаруй гэрэл зургийг дэлгэн толилуулж байна.

 

Үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл “Монгол цэргийн музей”-д дэлгэгдэнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин