Ассанж сайн дураараа цагдаагийн газар очно
2016-02-05

“Wikileaks” сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж маргааш сайн дураараа Британийн цагдаагийн газар очихоор болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би маргааш цагдаагийн газар очих болно. НҮБ-д гаргасан миний гомдлыг үндэслэн Швед болон Их Британийн Засгийн газрын шийдвэрийг НҮБ-ын ажлын хэсэг хэрэгсэхгүй болголоо хэмээн олон улсад зарлавал би Эквадорын элчин сайдын яамыг орхин гарч, сайн дураараа цагдаагийн газар очиж байцаалт өгөх болно” гэж мэдэгджээ.

 

Ассанж энэ оны эхээр НҮБ-ын ажлын хэсэгт хандан Швед болон Их Британийн Засгийн газрын эсрэг гомдол гаргаж, “Хоёр улсын удирдлагууд намайг 2010 онд баривчлах шийдвэр гаргасан. Энэ бол хууль бус үндэслэлгүй” гэсэн байна.

 

Маргааш 15.00 цагаас түүний гаргасан гомдолд хариу өгөх аж. Хариу ямар байхаас шалтгаалан Ассанж элчин сайдын яамыг орхих уу, орхихгүй юу гэдгээ шийдэх билээ. Ассанж “Хэрвээ би ялалт байгуулвал миний гадаад паспортыг эргүүлэн олгож, Швед, Их Британи улс намайг мөрдөж мөшгөхөө зогсоо хэмээн шаардах болно” гэж мэдэгджээ.

 

2010 оны хоёрдугаар сард Шведийн цагдаагийнхан Ассанжийг хоёр эмэгтэй хүчирхийлсэн хэмээн буруутгасан билээ. Ассанж уг хэрэгтэй холбоогүй хэмээн мэдэгдсэн ч Шведийн тал баривчлах тушаал гаргасан юм. Шведийн тал түүнийг хүчирхийлэл үйлдсэн хэмээж Лондон дахь Эквадорын элчин сайдын яамнаас гаргахын тулд 2010 оны долоодугаар сард Британийн эрх баригчдаас тусламж хүсчээ. Британийн шүүх Ассанжийг Шведед шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм.

 

Британийн тал өөрийг нь Шведэд бус АНУ-д шилжүүлэн өгч магадгүй хэмээн Ассанж сэрэмжилж, өнөөг хүртэл нуугдсаар байна. АНУ-ын эрх баригчид Ассанжийг хууль бусаар улсын зэрэглэлтэй мэдээ, материал задруулсан хэмээн буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин