Ч.Энхбат: 1000 автобус үйлчилгээнд гарна
2016-02-06

 

 

Сар шинийн баярын өдрөөр Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан тодорхой зохион байгуулалтыг Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж буй. Энэ талаар Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбатаас тодрууллаа.

 

Сар шинийн баяртай холбогдуулан ямар зохицуулалтыг хийж байгаа вэ?

 

-Манай байгууллага Нийслэлийн Засаг даргын энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн захирамжийн дагуу сар шинийн баяртай холбогдуулан тодорхой зохион байгуулалтыг Замын цагдаагийн газартай хамтран хийж байна.  Зохион байгуулалтын хүрээнд нэгдүгээр сарын 30, 31, хоёрдугаар сарын 6,7-ний амралтын өдрөөр автомашины тэгш сондгой тоогоор хязгаарлалт хийж байгаа. Тухайн өдөр машин нь явахгүй хүмүүст болон олон нийтэд зориулан цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарч буй томоохон үйлчилгээний төвүүд рүү автобус явуулахаар тодорхой маршрутыг гаргаад байна.

 

Энэ амралтын өдөр нийтийн тээвэр ямар маршрутаар иргэдэд үйлчлэх вэ?

 

-Энэ амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 6, 7-ний өдрүүдэд тодорхой суурьшлын 11 цэгээс Нарантуул худалдааны төв рүү автобус 10.00, 12.30, 15.00 цагт үйлчилнэ. Мөн Чингисийн талбай болон “Дүнжингарав” худалдааны төвөөс сар шинийн үзэсгэлэн худалдаа гарч буй  “Хүннү молл” цогцолбор руу гурван удаа 10.00, 12.30, 15.00 цагт автобус үйлчилгээнд явна.

 

Тодорхой суурьшлын 11 цэг гэдгийг тодотгохгүй юу?

 

-Хотын эцсийн гэж хэлж болох 11 цэг буюу Орбит, Нарангын гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн мянга, Чингэлтэй, Бэлх, Шархад, Улаанхуарангаас нийтийн том оврын автобус үйлчилгээ үзүүлэх юм.

 

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобусыг 10 хувиар нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр хичнээн автобус иргэдэд үйлчлэх вэ?

 

-Шинийн 1,2,3 буюу хоёрдугаар сарын 9,10,11-ны өдөр тодорхой зохион байгуулалтыг хотын хэмжээнд хийж ажиллана. Цагаан сарын үеэр хотын төв сэлүүхэн хэр нь хотын зах руу ачаалал үүсэх хандлагатай байдаг. Тиймээс хотын захруу чиглэсэн Нийтийн тээврийн үйлчилгээг нэмж ажиллуулхаар болсон.  Тэгэхээр хотын захын Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаанхуаран, Санзай гэсэн 9 чиглэлийн автобусны гаралтын тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэн төлөвлөөд байна. Энгийн үед Нийслэлд үйлчилгээнд 900 орчим автобус үйлчилгээнд гардаг бол 10 хувиар нэмэгдүүлэхээр 1 мянга орчим автобус иргэдэд үйлчлэх юм.

 

Микро авбусны үйлчилгээнд зохицуулалт хийгдсэн үү?

 

-Нарантуул худалдааны төв рүү буухиа чиглэлд үйлчилгээнд явдаг манайтай гэрээтэй микро автобуснууд байдаг. Тэдгээр микро автобуснууд хотын захын алслагдсан чиглэлүүдэд үйлчлэнэ. Мөн  4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Дамбадаржаа:
Зэ даа 1000 -аас 100 нь явах болов уу даа. Энгийн цагт 20 цаг хүрээгүй зогсчихдог
2016-02-06