Тайваньд 110 хүн сураггүй болжээ
2016-02-08

Тайванийн Тайнан хотноо энэ бямба гаригт 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн улмаас 17 давхар орон сууцны барилга нурсан аж. Онцгой байдлын аврагчид шуурхай ажилласны үр дүнд 310 орчим хүнийг аварсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аврагдсан хүмүүсийн 110 нь орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Уг барилгад 500 гаруй хүн амьдардаг байжээ. Аврах ажиллагаа үргэлжилж байна. Газар хөдлөлтөөр 14 хүн амиа алдсан юм. Аврах албанаас “Амиа алдагсдын дунд нярай хүүхэд болон 5-10 насны гурван хүүхэд байгаа. 110 хүн сураггүй байна. Аврагчид нуранги дороос иргэдийг хайсаар байна” гэж мэдэгджээ.

 

Тайнан хотноо болсон газар хөдлөлтийн дараа таван удаа хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Эдгээр чичирхийлэл 300 км-ийн цаана байрлах нийслэл Тайпей хотноо хүртэл мэдрэгджээ. Тус улсад 1999 онд хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас 2300 хүн амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин