”Хүндэт жуух бичиг”-ээр шагнууллаа
2016-02-08

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвараа дайчлан, идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Хүндэт жуух бичиг” гардууллаа.

 

Улсын Их Хурлын гишүүн, гавьяат эдийн засагч Нямжавын Батбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, гавьяат хуульч Шилагарьдын Солонго, Хэнтий аймгийн Засаг дарга Жагдагийн Оюунбаатар нар энэ шагналын эзэн боллоо.

 

Засгийн газрын үндсэн гол ажлыг нугалж, үндсэн хуулийн институц хоорондын харилцаа яам, агентлагийн үйл ажиллагааг зохицуулж байдаг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар өөрийн дээд шагналтай болж байна гэдийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолсон юм.

 

ЗГХЭГ-ыг бэхжүүлэх, статусыг дээшлүүлэх, Хэрэг эрхлэх газрыг өнөөдрийн энэ хэмжээнд авчрах анхны ажлуудыг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн  Н.Батбаяр үе үеийн Хэрэг эрхлэх газрын дарга нарыг төлөөлж энэ шагналын анхны эзэн болж байна.

 

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго олон арван жил энэ байгууллагад ажилласан хүн. Тийм учраас зайлшгүй энэ шагналын анхны эзэн болох учиртай хүмүүсийн нэг. 21 аймгийн Засаг дарга нараас ололт, амжилт, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлсэн хөдөлмөрийнхөө үр дүнд Засаг дарга нараа төлөөлж, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар мөн энэ шагналын эзэн боллоо Ерөнхий сайд хэллээ.

 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Хүндэт жуух бичиг”-ийг гал бичин жилийн босгон дээр, битүүний энэ өдөр олгож байгаа нь их утга учир, билгэ дэмбэрэлтэй.  Та бүхэн араасаа олон, олон амжилтын эздийг төрүүлээрэй гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ерөөгөөд Засгийн газрын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө зүтгэсэн үе, үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар болон Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан ахмадуудад сар шинийн мэнд дэвшүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин