Зодооны улмаас 49 хоригдол амиа алджээ
2016-02-12

Мексикийн Монтерри хотын Топо Чико шоронд өчигдөр 19.00 цагийн орчимд үймээн гарсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус шоронд хүмүүжиж буй гэмт бүлэглэлийн гишүүд хоорондоо зодолджээ. Зодооны улмаас 49 хоригдол амиа алдаж, 120 гаруй хоригдол гэмтсэн байна.

 

40 минут үргэлжилсэн зодооны үеэр 24 хоригдол амиа алджээ. Харин бусад нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан аж.

 

“Зодооны үеэр гэмт этгээдүүд гал тавьсны улмаас олон хүн амиа алдсан” хэмээн шоронгийн дарга хэлжээ. Зодооныг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий болон хийн буу ашигласан байна.

 

Топо Чико шоронд 3800 хоригдол  хоригддог аж. Зодооны улмаас амиа алдсан хоригдлуудын ар бүлийнхэн шоронгийн гадна үймээн дэгдээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин