Нүүрс баяжуулах туршилтын үйлдвэр барина
2016-02-16

Гэрэл зургийг MPA.MN

 

Уул уурхайн яам, Японы Шинэ эрчим хүч хөгжлийн Төв (NEDO) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд​ “Эрдэнэс Монгол” ХХК нь Японы “Нагата Инженеринг” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагын гүйцэтгэх захирал Мүнэхико Цүчияа, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яамны Байгалийн нөөц эрчим хүчний агентлагийн Нүүрсийн бодлогын хэлтсийн дарга Хироюуки Цукада нар оролцов.

 

Хамтран ажиллах гэрээ нь нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэрийг байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай гүйцэтгэлийн гэрээ юм. Ингэснээр Япон талаас төхөөрөмжийн хангамж, зураг төсөл хариуцах, Монгол талаас мэргэжилтэн бэлтгэх, гааль татварын асуудал, байршуулах байр, орчин, дэд бүтэц зэргийг хариуцаж ажиллахаар болжээ.

 

Туршилтын үйлдвэр нь жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрийн технологи нь 10-35 мм ширхэглэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” /FBS/ төхөөрөмжөөр, 0.5-10 мм ширхэглэглэлтэй нүүрсийг “Air table” /АТ/ төхөөрөмжөөр баяжуулах, ус биш элс ашиглан нүүрсийг баяжуулах давуу тал юм байна. Үйлдвэрийг 2018 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин