Ассад мэдэгдэл хийлээ
2016-02-17

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр энэ оны анхны мэдэгдлээ хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.Тэрбээр Сирийн дотоодын хямрал энэ ондоо багтаан дуусах шаардлагатай хэмээн мэдэгдэж “Турк болон Саудын эрх баригчдыг Сирийн хямралыг улам даамжруулж байна” хэмээн буруутгажээ.

 

Ассад “Олон улсын анхаарал Сири улсад төвлөрсөн энэ үед бид дотоодын хямралаа цэгцлэх боломжтой. Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй террорист бүлэглэлүүдийн ихэнх объект, хуаран устаж үгүй болсоор байна. Олон улсын цэргийн дэмжлэгтэй Сирийн батлан хамгаалах арми хэт даврагчидтай тулалдсаар байгаа. Мэдээж хэрэг энэ жил эерэг жил байгаасай хэмээн итгэл тавьж байна. Иргэний дайн дуусгавар болж буй ч хэт даврагчдын үйлдэл болон Турк, Саудын Арабын хилийн чанд дахь цэргийн ажиллагаа энэхүү хямралыг улам даамжруулсаар байна” гэж мэдэгджээ.

 

Өнгөрөгч долоо хоногт Туркийн Ерөнхий сайд, Саудын Арабтай хамтран явган цэргээ Сири рүү илгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Энэ талаар Ассад “Би Сирийн газар нутагт явган цэрэг орохыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж хариулсан байна.

 

Ассад Женев хотноо энэ сарын 25-наас эхлэх “Сирийн хямралыг хэрхэн цэгцлэх вэ” чуулга уулзалтад ихээхэн найдвар тавьж буйгаа илэрхийлэв. Уг уулзалт энэ сарын 2-нд эхэлсэн ч гурван өдрийн дараа тодорхойгүй шалтгаанаар хойшилсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин