Б.Сумъяа алтан медаль хүртлээ
2016-02-18

 

Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимп болж байна. Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн тамирчин Б.Сумъяа нар оролцож байна.

 

Өчигдөр болсон гүйлтийн тэшүүрийн төрөлд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай "Баг-6" нэрээр оролцсон тамирчин Б.Сумъяа залуучуудын олимпийн анхны алтан медалийг хүртжээ. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай болж буй юм. Энэ төрлийн мөнгөн медалийг "Баг-9" буюу Нидерланд, Польш, АНУ, Казахстан улсын тамирчдаас бүрдсэн баг, хүрэл медалийг "Баг-10" буюу Итали, Румын, Герман, Норвегийн тамирчид хүртсэн байна.

 

Норвегийн Лиллехаммер хотноо энэ сарын 12-ны өдөр эхлэсэн тус олимпт залуучуудын өвлийн II олимпийн наадамд 70 орны 1100 шилдэг залуу тамирчин 70 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсаас цаначин ОУХМ А.Очирсүх, тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа нар дасгалжуулагч Т.Доржготов, Д.Энхбаяр нарын удирдлага дор оролцож байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин