Жирэмслэхийг хориглох нь буруу шийдвэр
2016-02-19

Католик шашны тэргүүн Францис Латин Америкийн орнуудын эрх баригчид хандан мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын удирдлагууд зика вирусын улмаас 2018 он хүртэл эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хориглосон билээ. Уг асуудалд Францис “Энэ бол туйлын буруу шийдвэр. Эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хориглох нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн зарим улсын эрх баригчид тархины хөгжилгүй хүүхэд мэндлэхээс сэргийлж, эмэгтэйчүүдийг үр хөндүүлэхийг ятгаж байна. Энэ үйлдэл нэг хүнийг хороож байна. Хүний амь хамгийн үнэтэй. Хэдий вирусын халдвараас иргэдээ хамгаалах нь зөв боловч хүний эрхийг үргэлж дээдлэх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Зикагийн халдвар дэлхийн 34 оронд бүртгэгдээд байна. ДЭМБ-аас мэдээлснээр вирусын халдвараар 4-5 сая хүн өвчилсөн гэв. Бразил улсад вирусын халдварын улмаас 4200 орчим жижиг толгойтой хүүхэд төрсөн бол Колумб улсад халдвартай 542 хүүхэд мэндэлжээ.

 

Урагт нөлөөлж буй зикагийн улмаас Латин Америкийн ихэнх орон эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хатуу хориглож, зарим улсад халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг үр хөндүүлэхийг зөвшөөрчээ. Бразилийн эрх баригчид энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх юм. Учир нь тус улсад эмэгтэйчүүдийг үр хөндүүлэхийг хатуу хориглодог билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин