Парламентын гацаа арилав
2016-02-19

УИХ-ын гишүүдийн ирц бүрдэж,  ээлжит бус чуулганыг нээснээр парламентын гацаа арилав. УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ “ Энэхүү ээлжит бус чуулган нь татварын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно. Тухайлбал, бид Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлж, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгоход Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын зорилго оршиж байна.

 

2006 онд батлагдан өнөө хүртэл мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар аж ахуйн нэгжүүд нь 3 тэрбум төгрөг хүртэлх татвар төлөх орлогоос 10 хувь, 3 тэрбум төгрөгнөөс дээш давсан татвар төлөх орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар төлдөг. Уг хуулийн шинэчилсэн найруулгад, орлогын татварын дээд шатлал буюу 25хувиар татвар ногдуулах босгыг 10.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, эдгээр татвар төлөгчийн татварын тайлан тооцоо хийх давтамжийг бууруулж, хялбаршуулахтай  холбогдсон заалтуудыг төсөлд тусгасан нь баялаг бүтээгчдийг дэмжин урамшуулах чухал ач холбогдолтой юм. Мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах зохицуулалтыг 2018 он хүртэл хойшлуулахаар заажээ. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлд иргэдийн мөнгөн хуримтлалыг үргэлжлүүлэн урамшуулах, банкны салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн илүү тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм.

 

Өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад түүхэн чухал ач холбогдолтой Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг баталсан бол эдгээр хуулийн бодитой хэрэгжих нөхцлийг хангахад зайлшгүй шаардлагатай хуулиудыг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөлөө. Эдгээр нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, эдгээртэй холбогдох бусад хуулиудын төслүүд юм. 

 

Тухайлбал, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь хууль, шүүхийн өмнөх тэгш байдлын зарчим, хүний халдашгүй эрхийг хангах, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтооход чухал ач холбогдолтой.

 

Хууль сахиулах тухай хуулийн төслийг шүүх эрх мэдлийн болон эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах ажиллагаатай холбоотой хуулиудын давхардал, хийдлийг арилган, олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн, зөвхөн хуульд заасан үндэслэл, арга хэрэгсэл, журмын дагуу хэрэгжүүлэх, хүний эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалтыг хуульчлан тогтоох шаардлагын дагуу боловсруулан, өргөн мэдүүлжээ. Уг хуулийг хэлэлцэн батлах нь эрх зүйт төр, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бэхжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр болох юм.

 

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах шаардлага нь цаг хугацааны хүчин зүйлээс улбаатай нөхцөл байдлын өөрчлөлт, мөн  Эрүүгийн хуулийг шинээр баталсантай холбогдон үүсэж байна.

 

Эдгээр хуулийг хууль санаачлагчийн зүгээс өмнө өргөн мэдүүлж байсан боловч үзэл баримтлалын шинжтэй болон зарчмын зөрүүтэй санал ажлын хэсэг дээр олон зуугаараа гарсан учраас Засгийн газраас хуулийн төслүүдийг буцаан татаж, эдгээр саналуудыг тусган дахин боловсруулж өргөн мэдүүлсэн байна. Эдгээр төслийг боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажил, хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгийн материал, үндэсний хэмжээний зөвлөгөөн, чуулганаас гарсан зөвлөмжүүд, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ, конвенци, бусад орны холбогдох хуулиудыг харьцуулан судалж олон арван байгууллагаас ирүүлсэн саналыг тусгасан тул эдгээр төслүүдийг энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломж үүссэн гэж үзэж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нааштай алхмууд гарсан ч энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Өмнө дурдсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадвал жил гаруй хүлээгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгыг цаг алдалгүй батлах бүрэн боломжтой.

 

Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Засгийн газар хоёр хөршөөс цахилгаан авдаг хязгаар нутгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдний ахуйн хэрэглээнд зориулж хөрш орнуудаас авдаг цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 он хүртэл чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг энэхүү чуулганаар хэлэлцэнэ. 

 

Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн гарын үсгийг харгалзах хоёр талууд зурсан тул эдгээр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэн баталья гэлээ.

 

Ээлжит бус чуулганы хуралдааны эхэнд намрын чуулганаар баталсан хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг уншиж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
202.70.36.154 өө чи бага шиг хуцаарай. Улс орноо унагасан бүхнийг хүчээр шийддэг АН юу хийлээ гэж нохой минь чи ийн хуцна вэ. Гарал угсаа чинь мэдэгдэхгүй хүн хог чамд Мөнх хөх тэнгэрийн нэрийг барих эрх байхгүй шүү. АН сүүлийн хэдэн сар нэг 570 машины тухай л ярьж байна. Ингэж л төрийн ажил явагдаж байна.
2016-02-19
zochin:
Ajilaa xiix MAN iin lalaruudaa MUNX TENGERIIN XUCHIN door ta nariig xarj baigaa shuu
2016-02-19