Маргааш цасан шуурга шуурна
2016-02-20

Энэ сарын 21-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.

 

Хоёрдугаар сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр

 

21-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн.

 

Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

 

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 

Хоёрдугаар сарын 19-ний 20:00цагаас 20-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 8-10  градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин