“Хунт нуур” балет 41 дэх жилдээ тоглогдоно
2016-02-22

 

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох гэж байна.

 

Тус балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай улсын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглоглдож байсан. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ.

 

П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичжээ. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлэх эл бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.

 

Монголын тайзнаа тус балет тоглогдсоны 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт өнгөрсөн жил зохиогдсон. Тэгвэл 41 дэх жилдээ 142, 143 дахь удаагаа УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 27, 28-ны 17.00 цагт тоглогдоно. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин