Багшлах эрх олгох шалгалт ирэх сард болно
2016-02-23

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багшаар ажиллах эрх олгох шалгалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар болжээ. Шалгалтын бүртгэл энэ сарын 3-нд эхэлсэн бөгөөд 29 буюу ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх юм байна. Бүртгэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн бүртгэлийн цахим хуудас http://shalgalt.itpd.mn хаягаар онлайнаар явагдаж буй аж.


Багшаар ажиллах эрх олгох шалгалтад Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд, гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдана.


Шалгалтыг нийслэлийн найман дүүрэг /Бага хангай дүүргээс бусад/, 21 аймгийн төвд зохион байгуулдаг учир та оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байх шалгалтын төвийг сонгон бүртгүүлж шалгалт өгөх боломжтой юм байна. Шалгалтын хураамж 35000 төгрөгийг Төрийн сангийн 900015010 дугаарт дансанд аль ч банкны салбараас тушааж болно.


Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэхэд цээж зураг /файлаар/, Багш мэргэжлийн бакалаврын дипломын нүүр, хавсралт /зурган файлаар/, шалгалтын хураамж төлсөн баримт /зурган файлаар/-ыг бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 77100069, 77100056, 70140056 утас руу холбогдож авч болох юм.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин