Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 58 248 иргэнд үйлчилжээ
2016-02-23

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Шинэчлэгдсэн журмын дагуу даваа гараг бүрийн 14 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөл Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хуралдана. Тус хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, зарим иргэний ирүүлсэн өргөдөл, гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ.  Хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлснээс хойш үзүүлсэн үйлчилгээ, ачаалалтай ажилладаг байгууллагуудын талаар мэдээлэл сонслоо.

 


Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэнээс хойш 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 58248 иргэн үйлчилгээ авчээ. 7 хоног бүрээр задалж харуулахад:


1 дүгээр долоо хоног – 3559                       5 дугаар долоо хоног – 11548
2 дугаар долоо хоног – 10117                     6 дугаар долоо хоног – 1061
3 дугаар долоо хоног – 12253                     7 дугаар долоо хоног - 5522
4 дүгээр долоо хоног – 14188

Нийслэлийн нийгмийн даатгалын газар иргэдэд 19 үйлчилгээг үзүүлж байна. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалд хамруулах, дэвтэр нээж баталгаажуулж 559, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулж, гэрээ байгуулах, дэвтэр баталгаажуулж 672, мэргэжлийн зөвлөгөөг 2403 даатгуулагчдад өгч ажилласан байна.


Нийслэлийн татварын газар иргэдэд 11 үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 26420 иргэнд зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлжээ.


Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 799 иргэн, аж ахуйн нэгжид нийт 20 үйлчилгээ үзүүлсэн байна.


Нийслэлийн Өмчийн харилцааны газар 21 үйлчилгээг 3264 иргэнд үзүүлсэн байна.
Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газар 5854 иргэнд 24 төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна.


Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлснээс хойш иргэдээс 27 гомдол ирсэн. Хуралдааны үеэр  Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн н.Дуламжавын ирүүлсэн гомдлыг хэлэлцсэн юм. Тэрээр 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраар үйлчлүүлсэн бөгөөд иргэнд үйлчилсэн үйлчилгээний ажилтан дохиогоор харилцаж, иргэний асуултад ямар нэгэн хариулт хэлэх бус толгой дохих, гараараа заах зэргээр харилцсан байна. Үйлчилгээгээ шуурхай авах хүсэлтэй иргэн үйлчилгээний ширээний ард суусан байхад нүүрээ будаж, огт харилцахгүй байсан хэмээн гомдолдоо бичжээ. Иргэн н.Дуламжав хуралдаанд өөрийн биеэр оролцсон бөгөөд “Хэдий би үйлчилгээгээ авсан ч надад харилцахад маш хүндрэлтэй байсан. Миний хажууд мөн үйлчилгээ авч байсан иргэн надтай адил гомдолтой байсан” гэсэн юм.


Гомдол ирүүлсэн иргэдийн дийлэнх нь үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний ажилтны харилцаа, үйлчилгээгээ сайн мэдэхгүй байгаа зэрэгт анхаарал хандуулахыг хүссэн байна.


Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, хэдийгээр цөөн тооны гомдол ирсэн ч нэг иргэнийг ч сэтгэл ханамжгүй байдалтай буцаахгүй  байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга анхааруулсан. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэд хэдэн санал гаргаж, хугацаа алдалгүй шийдвэрлэхээр тогтлоо.Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ өдөр бүр 08-20 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлсэн олон үйлчилгээний ажилтны унааны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ажилчдын автобусыг хэд хэдэн цэгээс явуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэлээ.  Харин Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулах” санал гаргасан. Хуралдаанаар дээрх саналуудыг судалж, боломжтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин