Хугацаат цэргүүд шинэ байранд оржээ
2016-02-24

УИХ, Засгийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, албаны бусад хүмүүсийн хамт өчигдөр Зэвсэгт хүчний зарим ангид ажиллав. Тэд Зэвсэгт хүчний дугаар ангийн "Тусгай хүчний сургалтын төв", Зэвсэгт хүчний 015 дугаар болон ашиглалтад ороод удаагүй байгаа хугацаат цэргийн байраар зочилсон юм.

 

Энэ ангид нийслэлийн есөн дүүрэг, найман аймгийн залуус хугацаат цэргийн албанд татагддаг байна. Цэргүүдийн байр 1937 онд ашиглалтад орсон, насжилт нь хэтэрсэн байсан учраас салбарынхаа удирдлагуудын дэмжлэгээр барилгаа цоо шинэ болгон засаж чаджээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин залуус өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн арванхоёрдугаар сар хүртэл буюу ердөө дөрөвхөн сарын хугацаанд энэ хуучин байрыг засч сайжруулан орчин үеийн барилга болгож хүлээлгэсэн өгсөн байна. Өдгөө хугацаат цэргүүд шаардлага хангасан, орчин үеийн байранд дулаахан, тав тухтайгаар албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа ажээ. 

 


Энэ үеэр Батлан хамгаалахын сайдЦ.Цолмон "2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан байгаа. Энэ хүрээнд бид Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байна. Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Одоо бидний өмнө “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд батлан хамгаалах зорилт, арга хэмжээг тусгах ажил байна" гэж ярилаа.

Дашрамд дуулгахад өнгөрөгч 2015 онд хамгийн олон алба хаагч орон сууцанд орж чадсан байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин