Цэргийн сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2016-02-24

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өчигдөр Австрали улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтрийг хүлээн авч уулзжээ.

Тэд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.  Ялангуяа 2013 оноос Сөүл хотод суугаа Батлан хамгаалахын атташе харилцан хавсран суух болсноор хамтын ажиллагаа өргөжих боломжтой болж, тохиролцсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд батлан хамгаалахын атташе нарын гүйцэтгэх үүрэг улам өндөр болж байгааг талууд онцлон тэмдэглэв.

 

Цаашдаа энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан сургалт, семинарыг хоёр талдаа зохион байгуулах, харилцан туршлага солилцох, Австралийн Энхийг дэмжих сургалтын төвөөс зохион байгуулдаг арга хэмжээнд манай алба хаагчдыг оролцуулах, Австралийн энхийг дэмжих ажиллагааны сургагч багш, мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллуулах, Батлан хамгаалах цэргийн сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, мэргэжилтнүүдийг харилцан солилцож туршлага судлуулах тухай ярилцсан байна.

 

Салбарын хамтын ажиллагааны хүрээнд Зөвлөлдөх уулзалтыг 2014, 2015 онуудад хийж, Австралийн Зэвсэгт хүчний Команд штабын коллежид Монголын офицер анх удаа хамрагдсаны зэрэгцээ Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Австрали Улс нь цэргийн алба хаагчдаа 2008 оноос хойш тогтмол оролцуулж иржээ. 

Харин Элчин сайд Жон Лангтри Монгол Улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй оролцоог Австрали Улс дэмжиж байдгаа илэрхийлээд “Хааны эрэлд“ энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад 2016 онд Австралийн талаас өмнөх жилүүдэд оролцож байсан оролцоогоо хадгалж оролцохоо мэдэгдэв. Мөн батлан хамгаалах бодлогын чиглэлээр 2016 онд хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд яриа хэлэлцээр хийхээр Австралийн талаас төлөвлөж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн 2017 онд Монгол Улсаас цэргийн алба хаагч Австралийн Команд Штабын коллежид суралцана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлээд тус сургуульд суралцах офицерын англи хэлний төвшин өндөр байх шаардлагатайг онцолжээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин