“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын шаардлагад хариулт өгөв
2016-02-24

Уул уурхайн яам сар бүрийн 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт “Ил тод уул уурхай”  хэвлэлийн баг хурлыг зохион байгуулдаг. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас хэвлэлийн хурал зарлаж Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгч байгаа талаараа мэдээлэл хийсэн. Тус ТББ-аас нэгдүгээрт “Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг, Бурхан халдун уулнаас эх аван урсдаг Онон голын сав газар, Ойн сав бүхий газарт хууль бусаар Австралийн хөрөнгө оруулалттай “Гутайн даваа” хэмээх компанид алт олборлуулахаар тусгай зөвшөөрөл өгсөн. Хоёрдугаарт “Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамрах хэмжээний буюу 19724.28 км талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг Хонг Конгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид хууль зөрчин олгосон гэх хоёр шаардлагыг тавьсан юм. Эл шаардлагад Уул уурхайн яамнаас дараах тайлбарыг хийлээ.

 

Нэгдүгээр шаардлагад:

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Гутайн даваа” ХХК нь Монгол-Канадын хамтарсан аж ахуйн нэгж бөгөөд Монголын тал 51%-ийг, Канадын тал 49%-ийг эзэмшдэг. Уг компани нь 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авч улмаар хайгуул хийн Гутайн алтны үндсэн ордыг нээж, нөөцийн тайланг Эрдэс баялаг, эрчим хүчний яам /хуучнаар/-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2012 оны долдугаар сарын 05-ны өдөр хэлэлцсэн. Гэтэл тэр үед “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн үйлчлэлийн бүс Ойн сан бүхий газартай давхцалтай байсан байна.

 

2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” Улсын Их Хурлаар батлагдан гарч, уг хуулийн дагуу 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдөр “Журам, гэрээний загвар батлах тухай Засгийн газрын 120 дугаар тогтоол батлагдсан. Энэхүү хууль, журмын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “...далд уурхайгаар олборлох нөхцөлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” тухай лавлагааг гарган өгч ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх үүссэн байна. Ашигт малтмалын газраас тус компаний өргөдлийг хуулийн дагуу хянан үзээд 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр “Гутайн даваа” ХХК-д MV-019023 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д заасны дагуу тухайн ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2015 оны арваннэгдүгээр сард батлуулсан байна. Уг техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсанаар 5 жилийн хугацаанд 1.3 тн алт олборлон 84.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 22.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөл юм. Шаардлагатай хөрөнгө оруулалт нь 14.4 тэрбум төгрөг бөгөөд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд 212 сая төгрөгийг зарцуулахаар төсөлд тусгагдсан байна. Одоогоор тус компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгогдсон мэргэжлийн эрх бүхий байгууллага болох “Дэлгэрэх-Ач” ХХК-иар хийлгэж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйл, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн А-03 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Иргэдийн нийтийн хурлыг 2015 оны 11-12-р саруудад 2 удаа хуралдуулж төслийн талаараа танилцуулсан ба төслийн үйл ажиллагааг 67%-ийн саналаар дэмжсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр Байгаль орчинд /хөрс, ус, экосистем/ хэрхэн нөлөөлөх, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай асуудал нарийвчлан тусгагдах ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэн эцэслэн шийдвэрлэгдэх юм.

 

Хоёрдугаар шаардлагад:

-Эрдэс баялаг эрчим хүчний сайд (хуучин нэрээр)-ын 2011 оны 175 дугаар тушаалаар олон улсад нээлттэй зарласан газрын тосны хайгуулын Увс I талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ (цаашид “БХГ” гэх) байгуулах сонгон шалгаруулалтад Хонг Конгийн хөрөнгө оруулалттай “Гладвилл” ХХК шалгарсан. “Монгол гладвилл увс петролиум” ХХК нь Увс I талбайд хайгуулын 8 жилийн хугацаанд геологи, хүндийн хүч болон соронзон хайгуул, 160 тууш км 2 хэмжээст, 160 кв.км талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, хайгуул, үнэлгээний 453 цооног өрөмдөж, хайгуулын ажилд 827 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байсан. Газрын тосны тухай хуульд заасны дагуу хайгуулын ажлын доод хэмжээг дахин төлөвлөсөн бөгөөд 257.57 сая ам.долларыг зарцуулах юм. 

 

Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасны дагуу Газрын тосны хайгуулын “Увс-I” талбайд Газрын тосны газар, “Монгол гладвилл увс петролиум” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох асуудлыг Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 162 дугаар тогтоолоор хэлэлцэн шийдвэрлэсэний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагааг явуулж байна.

 

Увс-I талбай нь Увс аймгийн 13 сум буюу Сагил, Түргэн, Тариалан, Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Малчин, Завхан, Хяргас, Тэс, Зүүнговь, Баруун-туруун, Давст сумдыг хамардаг. Үүнээс тусгай хамгаалалттай газруудыг хасч нийт 19,613 км2 газар нутгийг хамарч байна.

 

Хайгуулын ажлын үр дүнд гэрээний дагуу жил бүр талбайн буцаалт хийгдэж, хэрэв тос илэрсэн тохиолдолд ашиглалтад шилждэг. Өмнөх жишгээс харахад нийт талбайн 2-8 хувь нь ашиглалтад шилждэг.

 

Өөрөөр хэлбэл БХГ-ний 6.1.1-д хайгуулын эхний үе шат буюу 3 жилийн дараа нийт талбайн 25-аас доошгүй хувийг, хайгуулын 2 дугаар үе шат буюу 6 жилийн дараа үлдсэн талбайн 25-аас доошгүй хувийг, харин хайгуулын 3 дугаар үе шат буюу хайгуулын хугацаа дуусахад ашиглалтын талбайгаас бусад талбайг буцааж өгөх үүрэгтэй байдаг” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин