“Барилга-90” спортын наадам болж байна
2016-02-26

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Спортын их наадам  Буянт-Ухаа Спортын ордонд болж байна.  “Барилга-90” спортын наадамд БХБЯ, ГХГЗЗГ, БХ-ийн төв, “ТОСК”, Төслийн нэгжүүд, УСУГ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмч газрын харилцааны алба, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ТББ, үйлдвэрчний эвлэлийн холбоод, хувийн хэвшлийнхэн гээд тус салбарынхан цугласан байна. Хөдөө орон нутгаас шалгарсан бүс бүсийн шилдэг багууд, нийслэлийн бүсийн багууд гээд нийт 24 багийн 700 гаруй тамирчид “Аваргын цом”ын төлөө өрсөлдөх уг наадам гурван өдөр үргэлжлэх юм.

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ Спортын наадмыг нээж хэлсэн үгэндээ “Барилгын салбарын 90 жилийн хөгжлийн түүхэнд нэрээ, хөдөлмөр бүтээлээ мөнхлүүлсэн мянга мянган ажилтан ажилтнуудаараа бахархаж явдаг. Хөгжлийн түүчээ болсон манай салбарынхан энэ 3 өдөр нэгэн дор цуглаж хүч авьяасаараа өрсөлдөнө гэдэг үнэхээр сэтгэл догдлуулсан сайхан мөч болж байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсч баг тамирчдадаа баяр хүргэе” хэмээв.  “Барилга-90” спортын наадмыг  Төрийн дуулал, МУГЖ н.Жаргалсайханы “Тамирчны алдар” дууг хамтдаа дуулан өчигдөр нээлтээ хийжээ.

 

Наадмын 2 дахь өдөр буюу өнөөдөр БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, ГХГЗЗГ-ын дарга Т.Хүрэлшагай, БХ-ийн төвийн захирал Б.Баярсайхан, ТОСК ийн захирал А.Гантулга гээд салбарын удирдлагууд хошин урлагийн болон соёл урлагийн холимог багтай волейболоор өрсөлдөх юм байна. “Барилга 90” спортын наадам маргааш хаалтаа хийнэ. Спортын наадмаас гадна мэргэжлийн ур чадварын тэмцээн,  чуулга уулзалт, форум зөвлөгөөн, концерт, бөхийн барилдаан гээд 90 жилд зориулсан олон олон ажил арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин