Элдэв сонин
2016-02-26

Хэдэн өдөр Үндсэн хуулийн цэцийн даргыг хуссан нь хууль зөрчсөн, зөрчөөгүй гэж чулуу нүүлгэлцсэн хоёр намын хэвлэлийн дайнаас олон нийт ч одоо залхсан байна даа. МАН МАХН хоёр сайндаад, болзоод сүйд. Цэц болон шадар сайдын суудал дээр шогтоод байгаа АН-ын толгой дээгүүр чулуу нүүлгэж хамтарсан хэвлэлийн хурал хийж үзэв. 

 

Тэндээ бас эвтэй суухгүй юм аа. МАН-ын элч Д.Амарбаясгалан тэрүүхэндээ амбицлаж ... нэгдвэл номер нэг манай намаар л нэрлэгдэнэ. Бид чинь 1921 оны нам шүү дээ гэж овог нэрийн байршлыг заасан бол нөгөө талд нь МАХН-ын элч Тулга хүү нэгдэнэ ч гэж юу байхав. Нийлж байгаад сонгуульдаж бол болно л доо гэж гэдэлзэв.

 

Шадар сайд болоод Цэцийн даргаар зөрүүлчихээд байгаа Их хурлын даргыг ноцох улс төр дөнгөж л өрнөж байгаа бололтой. Сөрөг, шударга гэсэн тодотголтой хоёр нам Эх орончдын баяраа цуг хийх үедээ нийлчихэж чадна шүү гэлээ. АН-ыг айлгах тактиктаа шилжжээ.

 

Сайдсан МАН, МАХН болоод сэхүүн чигээрээ байгаа АН-ынхан гурвалжин үүсгэж үзэлцэх зуураа хажуу талаас тоосго нүүлгэж мэдэхээр дөхөж ирээд байгаа ХҮН-ын зүг зав зайгаараа чулуу нүүлгээстэй.

 

Гүйцэтгэх засаглал энэ зуурт гүзээгээ илээд зүгээр суусангүй. Нөөцөө шавхаж буй төсвөө сонгууль дуустал тогтоох. Нэр төртэй бүтээн байгуулалт хийсэн тайлангаа зузаалахаар мөнгө хайж эхэлсэн байна. Дахиад бонд гэж яривал иргэдэд тархиа хагалуулах тул өнөөх үл гүйцэлдэх төсөл болсон Төмөр замынхаа нэрийг бариад яваа бололтой. Хятадын Экзим банкнаас 1.3 тэрбум ам.доллар зээлье гэж дээ. Тааж төсөөлбөл төмөр замд хувь эзэмшигчээр танайхыг яг оруулна. Өрөө ч цагтаа бат төлнө гэсэн шүү л юм яриад яваа байх. Хэвлэлүүд даруухан мэдээлээд энэ сэдвийг дахиж хөндөхгүй байна. Дээрээс улсаа бодоод дуугай бай гэсэн биз дээ. Тавантолгойг гэнэт тоохоо больж таг мартсаны цаад зангилаа энэ байсан ч юм уу. Бид таашгүй.

 

Интертайнмэнт маягтай эхэлснээ ёстой үнэн болоод байгаа нэг мэдээ бол дуучин Нара их хуралд нэр дэвшихээ зарласан сошиалын шуугиан байлаа. Энэ талаар ихээр шуугисан нь Нара гэдэг дуучин (жүжигчин ч гэдэг) сайн, муу хүн гэдэгтэй бус харагдах байдал, бий болгосон имиж нь хууль батлах хүн болж хувиргахад их хол харагдаад байх тул олон хүн толгойгоо салж унатал сэгсэрч шогшов. 50 гарсан ээж минь “Намайг дагаад цэнгэ” дууны клипэнд тоглоно гэсэнтэй адил цочсон шүү. Нараа тоглоогүй байсан юм уу... гэж үл итгэх хүн таарч л байна.

 

Гэхдээ галт тэрэг аль хэдийн хөдөлсөн юм билээ. Нараа гишүүн болохоор хатуу шийдчихсэн. Улс төрийн хичээлээ “А”-гаас нь эхэлж байгаа буюу Үндсэн хуулиа цээжилж байгаа юм билээ. Саяхан зурагтаар улс төр ярьдаг залуустай индэрт гараад суучихсан харагдсан. Сурталчилгаа нь бол сошиалаар үнэгүй явж байгаа.

 

Мөн л интертайнмэнт мэдээ гэх үү. Баярт мэдээ гэх үү. 100 сая ногооны яриа байна.

 

Монголын хөрөнгөтнүүдийг далласан сурталчилгаа ч гэж болно. Манай нэг парламентч Солонгосын казиногоос 100 сая ногоон хожсоныг нэлээн тойруу замаар бидэнд ойртуулж Оросын хэвлэлээр цацав. Бид ч шүүрч аваад л шуугилаа.

 

АЗ сохор гэж үнэн юм. Гэхдээ дандаа л энэ 76-г оноод байх юм. Бид яачихсан юм гэж эндээ бухимдах иргэд байна. Нөгөө талдаа Солонгосын казинод нүдээ бүлцийтэл сууж өрөнд орж цөхрөөд “одоо больё” гээд гарах гэж байсан олон Монгол залуус эргээд казинодоо суучихлаа. Дээрх эрхэм гишүүний 100 сая ногоон тэвэрсэн мэдээ тэдэнд дахиад зээл тавьж азаа үзэх найдварын оч харвуулав.

 

Хувьдаа нэг их орлогогүй, Ц.Дашдорж гишүүн шиг  тамхи тариа зөөдөг бизнесгүй ч махаа цайж хураасан мөнгөө хуу хамаад казинод алдчихсан жирийн монголчууд 100-аар тогтохгүй олон гэдэг. Доод тал нь 50 сая дээшээ 100 саяыг Солонгосын казинод өгөөд “seven” байтугай нэгч “lucky” байхгүй хоосорсон Монголууд олон. Тэд маань “бид гишүүн биш ч адилхан хүн. АЗ хүнийг ялгахгүй байлгүй” гээд ахиад тоглоод эхэлсэн.

 

Том мөнгө эргүүлдэг газар хэний нэрээ даллахаа сайн мэдэж байна. Сурталчилгаа байгаа олж буй нь энэ. 

 

Дахиад нэг гэнэтийн баривчилгаа болох гээд байгаа юм уу. Болчихсон ч юм уу бурхан минь. Баасан гараг баартай шүү гэсэн маягийн сэрэмжлүүлэг айдас давхар тээсэн нэг нийтлэл сайтуудад голлоод эхэлсэн байна.

 

Ам.доллар онгироо хэвээрээ. Энэ муу ногоон өслөө ч “Ханшид нөлөөлөхгүй ээ” гэсэн С.Дэмбэрэл гишүүний үгээр хүйтэн жин тавиад сууцгааж байя даа .

 

Хавар болж хавсарга тавих цаг айсуй. Элдэв сонин их л байна. Эргээд баасанд уулзья.

 

Б.Хэгжүүн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАХН тай эвсэнэ гэж юу байсын. Дан урвагчид, хоёр нүүртнүүд. Хэн албан тушаал амлана тийшээ ханарч байдаг үл бүтэхчүүд нь МАХН д орсон. Нэг үгээр МАН цэвэрлэгдсэн. Эвсэн ч эвсээгүй ч МАН тасархай ялна.
2016-02-28