Арьсан урлалын үзэсгэлэн дэлгэнэ
2016-02-26

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн арьсан урлагийн ангийн багш Р.Ариунболдын шавь нар хамтран “Хүрэл буга” арьсан урлалын үзэсгэлэн гаргахаар болжээ.

 

Үзэсгэлэнд Р.Ариунболд багшийн 1991 оноос одоог хүртэл арьсан урлагийн мэргэжлээр төгссөн 20 гаруй уран бүтээлчийн урлал дэлгэгдэх юм. Төгсөгчдийн арьсаар бүтээсэн арьсан хөөмөл чимэглэл болон хэрэглээний арьсан авдар сав, цүнх түрийвч, монгол гутал, түүхий арьсан ханын чимэг зэрэг өвөрмөц хийц бүхий 60 орчим бүтээл олны хүртээл болох аж.

 

Мөн энэ үеэр өнөөгийн арьсан урлагийн чиг хандлага, цаашдын хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм байна.

 

Эрдэм шинжилгээний хуралд МУЭ-ийн шагналт зураач, СУИС-ДДУС-ийн багш Р.Ариунболд “Монголын арьсан урлалын үүсэл гарвал нь эртний нүүдэлчдийн дүрслэх урлагийн анхдагч суурь болох тухай”, “Монголын олон ястны гутлын харьцуулсан судалгаа”, “Эртний арьсан өмсгөл ба монгол дээлний үүсэл судалгааны агуулга, судлагдсан байдал”сэдвээр илтгэл тавих аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин