У.Уранчимэг: Кинондоо зориулж агуй барьсан
2016-02-29

“Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийх юм. Үүнтэй холбогдуулан киноны ерөнхий найруулагчаар ажилласан МУГЖ У.Уранчимэгтэй уулзаж ярилцлаа.

 

-Найруулагчийн эмзэглэлээс кино бүтдэг гэж та хэлсэн. Тэгэхээр таны эмзэглэлээс энэ кино бүтсэн гэж ойлгох уу?

 

-Хүмүүсийн хүлээн авалт, сэтгэлзүй янз бүр л байна. Мэдээж кино гэдэг бие даасан маш том, хүчтэй урлаг. Тэр дотроо маш олон задаргаатай. Инээдмийн кино хийдэг найруулагч байхад над шиг илүү драмын төрөлд өөрийгөө сорихсон гэсэн хүсэлтэй найруулагч байна. Тэгэхээр хүн бүрийн харах өнцөг янз бүр байдаг. Найруулагч хүний мэдрэмж бол кино бүтэхэд хамгийн түрүүнд тавигддаг. Энэ киногоор дамжуулан цэвэр хүчирхийллийн эсрэг дуугарч, хүний эрхийн тухай сэдэв хөндлөө. Хүний эрх гэдэг маш өргөн далайцтай сэдэв. Тиймээс ч олон улсад гаргахыг зорьж ажиллаж байна.

 

-Олон улсад гаргана гэхээр Холливуудад өрсөлдөхүйц хэмжээний бүтээл гэсэн үг үү?

 

-Киноны зураг авалт дууссанаас хойш АНУ-д дөрвөн сарын хугацаанд өнгө, дууны шүүлт зэрэг ажил явагдсан байгаа. Мөн Монголоос анх удаа Америкийн нэгдсэн улсад кино гаргах зөвшөөрлийг манай кино уран бүтээлчид авсан байна. Монголд нээлтээ хийсний дараа дистрибютерийн ажлыг “Mongus pictures”, Америкийн кино зураглаачдын холбооны тойргийн дарга Saul Molina нар хариуцан Америк болон олон улсад гарах ажил эхлэх юм.

 

-Америк уран бүтээлчидтэй хамтарч ажилласан гэсэн?

 

-Бид өөрсдийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Хөгжүүлэхийн тулд баг, группдээ шинэ хүн ажиллуулж туршлагажих шаардлагатай юм. Бид Америкийн “Mongus pictures”, “Efilm” кино компанитай хамтарч ажилласан. Манайд ашиглаад байгаа “Moving roinig” төхөөрөмжөөс арай өөр М-15 техникийг ашиглаж зураг авсан. Энэ хоёрын ялгаа нь  манайд ашиглагдаж байгаа технологи дөрвөн талдаа хөдөлгөөнтэй бол бидний ашигласан М-15 технологи нь 8 талт хөдөлгөөнөөр удирдагддаг гэсэн үг.

 

-Гадны уран бүтээлчид манайхныг хэрхэн дүгнэдэг юм бол?

 

-Ганчимэг бид хоёр 14 хоногийн хугацаанд Америкт очиж ажилласан. Энэ хугацаанд гадны хүмүүс биднийг яаж хүлээж авч, мэдэрч байна вэ гэдгийг анзаарч байлаа. Тэд бат итгэлтэйгээр хоёр хүнийг шилдэг байсан гэж нэрлэж байсан. Тэр нь манай киноны ерөнхий зурагчлаач Д.Ангараг, гол дүрийн жүжигчин А. Ганчимэг нар юм.

 

 

-Кино хэдий хэр хугацаанд бүтэв?

 

-Кино хийгдэж эхэлснээс хойш нэг жилийн босгон дээр нээлтээ хийх гэж байна. Өнгөрсөн жилийн өдийд зохиол ерөнхийдөө гарчихсан, зохиолын засварын ажил хийгдэж байсан. Зургийн найруулагч Д.Ангарагтай Америк руу холбогдоод, зохиол бичих Холливуудын стандартад нийцүүлэх талаар хэлэлцэж, зохиолдоо задаргаа хийж эхэлсэн. Бидний төлөвлөснөөр зургаадугаар сарын эхээр киноны зураг авалт эхлэх байсан. Гэвч байгалийн өнгө тэгшрэхийг хүлээгээд сарын хугацаанд хойшилсон. Бэлтгэл ажил явагдсаар зургаадугаар сарын сүүлээр зураг авалт эхэлж үндсэндээ хоёр сарын хугацаанд зураг авсан байгаа.

 

-Зураг авалтыг хаана хийсэн бэ?

 

-Монголд киноны зураг авч байгаа учраас байгалийн үзэсгэлэнтэй газрыг сонгох хэрэгтэй. Тэгэхээр киноны гол үйл явдлын зургийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд авсан. Мөн сүүлийн зураг авалтууд Төв аймгийн Эрдэнэ сум, Говь-Алтайн Шарга суманд үргэлжилсэн. Хамгийн хаалтын зургийг хотын захад гэр барьж авсан байгаа. Павилонд бид хоёр долоо хоног зураг авсан юм. Монголын түүх хөдөө ахуйг харуулах үүднээс  кинондоо агуй ашигласан. Тэгвэл бид кинондоо зориулж, бүтэн сар гаруйн хугацаанд уртаашаа 7 метр, өргөн нь 5 метртэй агуйг барьж гүйцэтгэсэн байгаа. Учир нь киноны үндсэн 13 хэсгийг агуй дотор авах байсан учраас манай зураачдын баг павилоныг агуй хэлбэрт оруулсан.

 

“Хувьсал” продакшны дараагийн уран бүтээл хэзээ гарах вэ?

 

-Ер нь киноны санаа гэнэт орж ирдэг. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” хоёрын санаа тухайн үед зэрэг орж ирж байлаа. Тэгээд эхний сонголт нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” байсан. Одоо миний хувьд давхар дараагийн уран бүтээлийн санаа, зохиолоо эхэлж байна. Тус киноны зураг авалт энэ зун хотод хийгдэнэ. Онцлог гэвэл “Хувьсал” продакшн анх удаа хөндлөнгийн найруулагч авч ажиллах юм.

 

-Та “Хувьсал”-аас өөр  продакшнтай хамтарч ажиллах уу?

 

-Миний дутагдалтай тал ааш авиртай холбоотой байж магадгүй. Яг үнэндээ би уран бүтээлийн тал дээр өөрийн гэсэн байр суурьтай. Юунд тоглох ёстой, тоглохгүй байх дээр өөрийн бодолтой. Юм болгонд гүйж очоод тоглож, оролцоод байх тал дээр өөрийн гэсэн бодол, дүгнэлттэй. Дээрээс нь би өөрийн гэсэн продакшнтай ажиллаж байгаа болохоор бид нар өөрсдөө хувийн уран бүтээлд тоглох завгүй байдаг.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өөрийнхөө гайгүйг мэддэг дажгүй бүсгүй шүү. Амжилт.
2016-03-01