“Би ээж болмоор байна”
2016-03-03

Романтик, инээдмийн жанрын “Би ээж болмоор байна” кино маргааш нээлтээ хийх гэж байна. Гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалын тухай өгүүлэх тус кинонд жүжигчин Ш.Жавхлан /МУСТА/, Ч.Мөнхтөр /МУСТА/, М.Нарантуяа /Нара/, нар дүр бүтээжээ.

 

"Tвинс фильм” студи, "Очир Дэнзэн" энтертайментийн хамтын бүтээлд найруулагч, зохиолчоор Г.Дарханбат, Г.Дарханбаяр гэх ах дүү хоёр ажилласан байна.

 

Киноны үйл явдлаас товч танилцуулбал, Ганаа Солонго хоёр гэр бүл болоод 10 жил болсон ч хүүхэдгүй аж. Хоёр хос хүүхэдгүйгээс айл гэрт байх ёстой аз жаргал байхгүйг мэдэрнэ.  Нэг өдөр Ганаа томилолтоор хөдөө явахдаа гар утсаа үлдээж явснаас үүдэн Солонго хэцүү сонголт хийхэд хүрнэ. Солонгоогийн найз бүсгүй Одко түүнийг дагуулж үзмэрчид очсоноос бүх зүйл эхлэх юм. Солонго 33 нас хүрэхээс өмнө буюу дөрвөн хоногийн дотор хүүхэдтэй болох учиртайг үзмэрч хэлэв. Ингэснээр Солонго нөхрийнхөө араас явах уу, найз Одкогийн зөвлөснөөр хэн нэгэн залуугаас хүүхэдтэй болох уу гэсэн хоёр сонголт тулгарч буйгаар киноны үйл явдал цааш өрнөх аж.

 

Кино маргааш буюу энэ сарын 4-ний өдрөөс кино театруудаар гарч эхлэх нь ээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин