Ёндоотой ардчилал
2016-03-05

Аз байвал ёозхүү цохино оо гэж. Аз байхад байр, машин, газар, мөнгө төгрөг юу юм бэ. Нэг сугалаа татаад л авчих зүйл. Дэлгүүрийн лангуун дээрх бараанаас эхлээд төрийн үйлчилгээг хүртэл азаар авдаг болсон цаг. Тэгэхээр аз гэгч зүйл зайлшгүй хэрэгтэй, тэр дундаа ардчиллын үед.  Товчхондоо бол ардчиллын үед азтай хүмүүс төрийн хайр, халамжийг илүү хүртэж байгаа гэвэл атаархсан болохгүй. Ёстой л азыг ёозгүйгээр нь цохиж байр байшинтай, газартай, мөнгөтэй, унах унаатай болж буй олон жишээг дурдаж болно. Хоёр мянгаар сүү худалдаж аваад л хорин сая төгрөгийн эзэн болчихож байгааг аз л гэнэ биз дээ.

 

Анхандаа би Номин, Нэкст, PC mall зэрэг электрон барааны дэлгүүрээс зурагт, угаалгын машин худалдаж аваад шагай, шоо хаях эсвэл сугалаа татаж азаа үздэг байлаа. Аз гэгч ахуйн хэрэгцээнд байсан нь тэр. Харин одоо бол бид төрийн үйлчилгээг авахын тулд азаа үздэг болсон. Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ сугалаагаар явагддаг болсон учраас  азтай нь илүү ихийг авч, азгүй нь юу царайлаад үлдэнэ.

 

Эхлээд бид газрын төлөө азаа үзэв. Хотын зах, алс гэхгүй зарласан газарт нийслэлчүүд хэдэн зуугаараа цахим системд бүртгүүлж, азаа сорив. Нэг өдөр азтай нэгнийх нь гар утсанд “Та газартай боллоо” гэсэн мессеж ирж байхад азгүй нөгөөг нь дахин оролдоорой гэнэ. Ийм журмаар газрын сугалаа таван удаа явагдаж, нийт 78 мянган азтан газартай болоод байна.

 

Харин дараа төрийн захиалан бариулсан Буянт-Ухаа-1 орон сууцны хороололд ганц, хоёр өрөө авчих санаатай азаа хурайлав. 1764 айлын орон сууцны төлөө хэдэн мянгаараа азаа сорьсон. Азтангууд нь байрандаа орж, азгүйчүүд нь гэр хороолол, түрээсийн байр, аав ээжийн байрны халаасны өрөөнд үлдсэн.

 

Одоо нийслэлчүүд НӨАТ-ын сугалаанд азаа сорьж буй. Мянган төгрөгийн ундаа авсан ч сугалаатай баримтыг нь нэхэж, ebarimt.mn сайтын гацааг хүлээн барин байж бүртгүүлнэ. Азаа үзэх гэж байгаа нь тэр. Сугалааны эхний тохирлоор нийт 1044 хүн азтан болж, гэрийнхээ хажуугийн дэлгүүрээс хүүхдэдээ сок авсан эгч 500 мянган төгрөг хожиж, олон хүмүүсийн шуналыг хөдөлгөсөн. Дараагийн тохирлоор өмнөхөөс олон  13 688 азтан тодорч, бүр хорин сая төгрөгийг хоёр хүн хожсон нь сугалаатай баримтаа цуглуулж, азаа үзэх хүслийг улам ч өдөөсөн.  

 

Харин ирэх өдрүүдэд нийслэлчүүд дахин үзэхээ сорих шаардлагатай болоод байна. Өөрийн гэсэн орох оронгүй хэсэг бүлэг нөхөд арай хямд үнээр байр түрээслэхийн тулд азаа үзэх шаардлагатай болсныг ТОСК-ын удирдлага дуулгаад буй. Төрийн түрээсийн байранд орох хүсэлтэй 27 000 иргэн байгаа аж. Харин Буянт-Ухаа-2 хороололд 350 айлыг л шингээх боломжтой учраас нийт хүсэлтнүүдийн азыг сорьж, сугалаа татуулах нь төрийн гарц. Буянт-Ухаа 1 хороололд өөрийн гэсэн нэг, хоёр өрөөтэй болохын тулд азаа сорьж байсан бол одоо сар бүр мөнгө төлж, байр түрээслэхийн төлөө азаа үзэх шаардлага олон хүний өмнө тулгарав.

 

Уг нь бол байр түрээслэхийн төлөө азаа үзэх шаардлагагүй. Хотод түрээсийн байрны сонголт мундахгүй олон. Зөвхөн түрээсийн үнийн хэдэн төгрөгийн зөрүү дээр л төр иргэдийнхээ азыг шалгах гэж байгаа нь энэ.

 

Цаашид бид төрийн ямар үйл ажиллагаа, үйлчилгээний төлөө азаа үзэж, үйлээ шалгахыг таашгүй. Магадгүй парламентын танхимд сууж, УИХ-ын гишүүн гэсэн тодотголтой болоход ч сугалаа татаж, хамгийн азтай 76-г тодруулж болзошгүй.

 

Энэ янзаар бол төрийн бүх үйлчилгээ сугалааны журманд шилжиж, азаар амьдралаа бүтээх бололтой. Иргэдээ алаг үзэхгүй гэх халхавчтай аз сорьсон төрийн ажил ар араасаа ийн явж байна.

Азтай хэсэг бүлэг нь

Аа яа, байр байр минь

Азаар заяасан байр минь гэж дуулах бол

Азгүй нөхөд нь                                          

Аа яа, андуурсан сугалаа

Ээ хөөрхий, эндүүрсэн сугалаа гээд л хаалганы гадна үлдэх нь дээ.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Horin buliin avligachid harts arduudynhaa omchiig huvaaj idej baihaar tegsh huvaaj ogoh ni toriin ajil shuu dee? ard tumen denjij baina . Avligachidyn gar hol tatarch baina shuu dee?
2016-03-06
Зочин:
Хүмүүст ижил боломж олгож байгаа болохоор сугалааг нэг их буруутгах хэрэггүй дээ. Ямар ч байсан хэн нэг танил талтай нөхдүүд зувчуулж байснаас л дээр. Манай гэр бүл 2 ч газар сугалаагаар авсан. Аавынхаа нэр дээрх зуслангийн газарт гэрчилгээг нь гаргуулах гэж 5 жил гүйгээд бараагүй бидэнд бол том боломж.
2016-03-06
odko:
yag unen har malnuud ardchilsan nam
2016-03-05
зочин:
АН-аас салж улс орноо өөд нь татахгүй бол 17 онд дампуурна,, гэж гадны хэвлэлд бичих боллоо, нээрээ ч одоо энэ байж байгааг нь харвал дампуурах байх, АН-аас салцгаая, түмэн олон минь ээ
2016-03-05
Зочин:
saihan hoshgoruulj bgaan shuuuuu
2016-03-05
fg:
ёндоо гэдэг угна ёндон хондлой бөгс гэсэн үг эв хавгүй өндөр утгыг илэрхийлдэг муухайтайг ч адилтгадаг дургүйцлийн нэг хэлбэр хэлц үг дэ ёндойчихоод, ёндогоноод г м
2016-03-05
Зочин:
монголчууд эхлээд 1 сая 1,5 саяд хошгирсон дараа нь 20 мянгад хошгирсон дараа нь 70 мянгад хошгирсон эд бүгдийг эхлүүлсэн хүмүүсийн нэг нь америкт амьдарч байна одоо нөгөөх нь 2017 оноос нүб рүү явах бэлтгэлээ хийж байна одоо сугалаа гээд урьдчилан бэлдсэн шоуг бүтэн сайны орой бүр хүлээдэг болжээ яана даа монголчуудаа
2016-03-05
мон:
Нэг тэр бумаар сугалаа аваарай. Азтай 76 аавын хүү УИХ ГИШҮҮН болно.
2016-03-05
Зочин:
ЗАЙЛАА
2016-03-05
ккк:
НӨХӨРГҮЙ МИССҮҮДИЙГ УДАХГҮЙ СУГАЛУУЛНА ГЭХ ЮМ ҮНЭН ҮҮ
2016-03-05