Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг орон нутагт байгуулна
Төрийн байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д төвлөрүүлэн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зохион байгуулалтын бүтэц, орон тоог тухайн байгууллагын бүтэц, орон тоонд багтаан шийдвэрлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгалаа.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ үзүүлэх нийтлэг журмыг баталж, орон нутагт энэ оны зургадугаар сарын 1-ний дотор эхлүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн хэмжээний 27 байгууллагын 245 төрлийн үйлчилгээ үзүүлэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг “Дүнжингарав” худалдааны төвд байгуулан энэ оны нэгдүгээр сараас ажиллуулж буй. Тус төв өдөрт 2880-6480 орчим үйлчлүүлэгч хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байна.
Төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн төрийн захиргааны төв болон байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг төвлөрүүлж, уг төвийг өөрчлөн зохион байгуулах, түүнчлэн аймгуудад ийм төв байгуулж, төрийн үйлчилгээг нэг дороос авахыг нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгоно
Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журмыг хавсралтаар баталж, онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагч, хувь хүн, бүлэг, хамт олныг тодруулж мөнгөн шагнал олгоход шаардагдах 100 сая төгрөгийг 2017 оны төсвийн жилээс эхлэн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт үүрэг болголоо.
Монгол Улс улс даяаршил, хотжилтын үйл явцад татагдан орж, монголчуудын аж төрөх ёс, монгол хэл, аялгуу, ялангуяа угсаатан ястнуудын биет бус соёлын өвөрмөц өвийн амьдарч хөгжих, орон зай өөрчлөгдөн, орчин цагийн нийтийн соёл, урлаг түрэн орж ирсээр байгаа нь Монголын уламжлалт биет бус соёлын өвийг богино хугацаанд устган мөхөөх аюулд хүргэж болзошгүй байгаа тул соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг урамшуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэхээр энэхүү журмыг баталжээ.
Товч мэдээ
Уншиж байна |