Хүүхэд хамгааллын хууль “хөрсөн дээрээ буусан уу”
2016-03-09

Дулаан хувцаслаарай, хичээлдээ явахаас өмнө цайгаа уугаарай, гарцаар гараарай, хичээлээ тараад тоглоод байлгүй шууд хариарай, хавар болж байна буруу хүмүүсээс болгоомжлоорой гэж эцэг эх бүр л үр хүүхдэдээ өдөр бүр захиж, санаа тавьж байдаг. Үүний зэрэгцээ эцэг эхийн үүргээ умартаж, хүүхэд зовоосон мулгуу хүмүүс ч нийгэмд байна. Бас амьдрахын эрхэнд хүүхдээ сургуулиас нь гаргаж, мал маллуулж, ажил хийлгэж байгаа хүмүүс ч бий. Нэг талаас тэднийг буруутгаад байх нь өрөөсгөл.

 

Харин хүүхдийн эрх зөрчигдөж байна, хүүхдээ хамгаалъя гэж эцэг эхчүүдээс илүүтэй улстөрчид том дуугардаг. Өнөө цагт хүүхдийн хүмүүжил гэр бүлийн амьжиргааны төвшингээс шалтгаалж, өсч торних, эрдэм боловсрол эзэмших, хүмүүүжих зэрэг орчин орчиндоо өөр өөр байгаа. Амьжиргааны төвшин доогуур өрхийн эцэг эхчүүд хүүхдээ зах дээр бараа зөөх, тэрэг түрүүлэх зэргээр хүнд хүчир ажил хийлгэж байна гэж улстөрчид, хүний эрхийн комиссынхон шүүмжилдэг. Тэгвэл хурдан морины өвлийн уралдааныг зохион байгуулж бага насны унаач хүүхдүүд бэртэл авахаас эхлээд амь насанд нь халтай байгааг нийгмээрээ шүүмжлэн, хэний морь түрүүлж ирэх бол гэхээсээ хүүхэд гэмтэж, бэртээгүй байгаасай хэмээн цэнхэр дэлгэцийнхээ өмнө  залбиран үзэгчид олон. 

 

Өнгөрсөн намрын чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийг баталсан. Үүнийг олон улсын хүүхэд хамгааллын хуультай уялдуулж өгснөөрөө онцлогтой гэж хууль санаачлагчид ярьж байна лээ. Харин энэ хууль амьдралд хэр нийцсэн, хэрэгжилт ямар байх бол. Ямартай ч энэ хуульд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар мэдээ, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн 24 цагийн утас ажиллуулж болно гэж заасан байна. Эрх нь зөрчигдсөн хүүхдийг түр тусгаарлах шийдвэр гарах хүртэл хугацаанд тухайн мэдээ, мэдээллийг хүлээн авсан нийгмийн ажилтан, албан тушаалтан хуульд заасан боломжит арга хэмжээг гэр бүлийн бусад гишүүн, хууль ёсны төлөөлөгчтэй зөвшилцөн хэрэгжүүлнэ гэсэн байна. Цаашлаад хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тухайн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл байгаа бол энэ хуульд заасан тусгаарлах арга хэмжээг авахдаа тэдний зөвшөөрлийг шаардахгүй гэж заажээ. Хүүхдийг гэмт халдлага өртөхөөс тусгаарлах байр манайд хүрэлцээтэй болов уу. Тусгаарлалаа гэхэд ямар хугацаатай байх бол.

 

Хуульд хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг төрийн байгууллага үзүүлж байхаар заажээ. Энэ байгууллагын стандартыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, үйлчилгээ үзүүлэх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батлах юм байна. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хувилбарт үйлчилгээ үзүүлэх санал, дүгнэлтийг хамтарсан баг, нийгмийн ажилтан гаргаж хэрэгжилтэд хүүхдийн эрхийн ажилтан хяналт тавихаар заажээ.

 

Интернэтийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцохоор заажээ.

 

Худалдаа үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхд ийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд ханган ажилах юм байна. Хүүхэд оролцсон уралдаан тэмцээн гэдэгт хурдан морины уралдааныг ч хамруулах байх. Тиймээс холбогдох салбар, холбооныхон  журамдаа өөрчлөлт оруулах биз.

 

Гадаад улсын байгууллага, хуулийн этгээд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тандалт, судалгаа хийхийг хоригложээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулиар 16  насанд хүрсэн хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй гэж заасан. Мөн “Мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 14 насанд хүрсэн хүнтэй эцэг эх, асран хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэж заасныг Хүүхэд хамгааллын хуулиар 15 насанд хүрсэн байхаар өөрчлөгдөж, ирэх есдүгээр сарын 1-нээс уг заалт мөрдөгдөж эхлэх юм.

 

Ийнхүү хүүхэд хамгааллын тухай хууль мөрдөгдөж байна. Энэ хууль хөрсөн дээрээ хэр буусан хэрэгжилтийн байдлаас мэдрэгдэх юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин